Жолооч нарын сэтгэцийг шалгуулая гэж дахин сануулая!

Жолооч нарын сэтгэцийг шалгуулая гэж дахин сануулая!

Жолооч нарын сэтгэцийг шалгуулая гэж дахин сануулая!

Унаж татдаг өвчтэй хүн явган хүний замаар явж байсан 13 настай хүүхдийг  мөргөж, амь насыг нь хохироосон маш харамсалтай хэрэг гарлаа. Гарцгүй газраар биш явган хүний замаар явж байгаад цаг бусаар амь насаа алдана гэдэг дэндүү харамсалтай. Ийм төрлийн өвчтэй хүмүүсээс гадна тал цус харвасан, бүр Сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг өвчтөн ч машин барьж яваад хүний амь насыг хохироох хэрэг гардаг байна.  Тийм учраас жолооч нарыг сэтгэцийн эрүүл мэндийн үзлэгт хамруулах асуудлыг яаралтай зохион байгуулахгүй бол асуудал туйлын эгзэгтэй, эрсдэлтэй байгаа талаар миний бие 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “Жолооч нарыг сэтгэцийн эрүүл мэндийн үзлэгт хамруулая” хэмээн анхааруулан бичиж байсан билээ. Энэхүү асуудал дэвшүүлсэн өгүүллээ дахин сануулая.

Аливаа улсын хөгжил дэд бүтцийн хөгжлөөс шууд хамаардаг. Энэ үүднээс  21 аймгийг нийслэл Улаанбаатартай авто замаар холбох ажилд  сүүлийн жилүүдэд нэлээд ахиц гарсан. Ихэнх аймгууд ч засмал замтай болж, цаг хугацаа, ая тух гээд иргэдийн болоод ачаа тээвэрлэлтийн тал дээр мэдэгдэхүйц  дэвшилд хүрсэн билээ. Харамсалтай нь сайны хажуугаар саар гэгчээр засмал зам дээр хурд хэтрүүлэх, урсгал сөрөх, гүйцэд түрүүлэх, шөнийн цагт гэрлээ шилжүүлэхгүй байх, хэт ядарсан үедээ болон согтуугаар жолоо барих гээд жолооч нарын шууд буруутай үйлдлээс  болж жил бүр олон зуун хүн хайран амиа алдаж байна. Хэдэн жилийн өмнө  дөө, танил ах маань эхнэр, хүүхдүүдийнхээ хамт Хэнтий аймаг руу зорчиж явтал нэгэн  хар жип гэнэт урсгал сөрж гарч ирээд хүүе гэхийн завгүй мөргөчихсөн гэдэг. Уурын мунхаг жолоочийн балмад үйлдлээс болж нэгэн гэр бүл тэгж сүйрсэн дээ. Энэ оны  долдугаар сард л гэхэд хэчнээн хүн авто ослоор амиа алдав? Зөвхөн долдугаар сарын 9-15-ны хооронд буюу зургаахан хоногийн дотор 25 хүн ослоор хорвоог орхилоо шүү дээ! Техник бол техник. Жолоочид алдаа гаргах эрх байхгүй. Үүнийг ойворгон сагсуу,  ухамсаргүй, дураараа хүмүүс яагаад ойлгож ухаарахгүй байна вэ?!

Жил ирэх бүр авто ослоор амиа алдах хүний тоо өсөх нь цөөхөн монголчуудын хувьд зүгээр л сүйрэл. Бүр үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой асуудал. Тийм учраас төр засаг, холбогдох төрийн байгууллагууд, хууль хяналтынхан нэн шуурхай авмаар байна.

Хамгийн нэгдүгээрт, авто сургуулиудын чанар чансаанд анхаарах цаг хэдийнэ болжээ. Жолооч бэлтгэдэг гэх богино  хугацааны курс  хөдөө орон нутгийн замд жолоо хэрхэн барих талаар тусгай хөтөлбөртэй болох хэрэгтэй. Жолооны курс төгсөн гарч байгаа хүмүүст үнэмлэхийг нь өгөхөөс өмнө сэтгэцийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр оруулахад яагаад болохгүй гэж? Нэг л жишээ татая. Хэдэн жилийн өмнө дөө. Нэгэн эмэгтэй такси барьтал гай болж Шар хадны эмнэлэг буюу Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтанд байдаг хүн халтуур хийж яваад авсан байдаг. Улмаар өгсөн мөнгийг нь голоод үйлчлүүлсэн хүнийхээ  нүд рүү машиныхаа түлхүүрээр цохиж, үр дагаварт нь хөөрхий эмэгтэй нэг нүдээрээ хохироод үлдсэн юм. Эрүүл биш хүний машинд сууснаа яахан мэдэх билээ.Түүн шиг мэдрэл сэтгэцийн хувьд хэвийн биш хүмүүс олноороо жолоо бариад явж байгааг үгүйсгэхгүй. Тийм учраас л автобусны жолооч нараас эхлээд машинтай хүн болгоныг эмчийн үзлэгт нэгдсэн журмаар оруулах ажлыг салбарын яам санаачилсан зохион байгуулах хэрэгтэй байна! Орчноо дүгнэх, мэдрэх чадваргүй, аливаад уужуу тайван ухаанаар хандах сэтгэлгүй, юм л бол уурлан бачимдаж, бусдад гай болж явдаг жолооч нэртэй “адгууснууд” Улаанбаатараар дүүрэн байна. Явган хүний гарцаар гарч яваа хүнийг зогсч өнгөрөөсний төлөө сигналаа орилуулдаг оркууд хөдөөгийн замд гарахаараа яaж явдаг нь дэндүү тодорхой. Урсгал сөрөх хэрэг хийчихээд буруугаа хүлээх нь бүү хэл цагдаагийн өмнөөс хэрэлдэж, шаардлага тавьсан өндөр настай эмээг хэл амаар доромжлох хоосон толгой ухаан санааны хувьд хэвийн хүн үү?

2019 он. Миний нэг танил наадмын дараа Зүүнхараагаас 23 цагийн үед орж ирээд Саппоро дээр буугаад автобусны буудал дээр “Офицер 1000” төгрөгөөр явна хэмээн орилж зогсоо залуугийн машинд суусан гэдэг. Дараа нь “Ээ, бурхан минь дахиж хэзээ ч араатан шиг малын машинд суухгүй” гэж ам тангаргаа өргөж билээ. Учир нь тэр “жолооч” ардаа 6 хүн чихэж аваад гэрлэн дохион дээр ч зогсохгүй, галзуурсан мэт давхисан гэсэн. Тэр мунхаг этгээд хурд хэтрүүлж яваад гарцан дээр ч, гарцгүй газар ч хүн дайрахгүй гэх баталгаа огт байхгүйд гол аюул байгаа юм. Сууж явсан хүмүүс нь осолдсон бол хэд нь амьд гарах байсан бэ?!

Ердөө хоёрхон секундын тэсвэр тэвчээргүй “жолоочдыг” маш яаралтай сэтгэл мэдрэлийн үзлэгт оруулахаас өөр арга алга. Тээврийн цагдаагийнхан ч хяналт шалгалтаа улам өргөжүүлэх зайлшгүй шаардлага тулгарлаа. Энх цагт цөөхөн монголчууд бид цаг бусаар хорвоог орхих ёсгүй!

Д.Лхагвадорж

cэтгэгдэлүүд
  • маш зөв бичжээ

  • яг тийм шүү. Энэ асуудлыг их эртнээс ярьж байгаа ч шийдэж өгөх газар одоогоор алга….

  • яг үнэн шүү

  • эрүүл мэндээр тэнцэхгүй бол жолооны үнэмлэх өгч болохгүй ш дээ!

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account