Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг Аудит хянаж байна

Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг Аудит хянаж байна

Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг Аудит хянаж байна

УИХ-д суудалтай нам, эвслүүд Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, мөрийн хөтөлбөрийг нь Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Үүний дагуу Аудитын газар өнөөдрөөс нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хянаж эхэллээ. Ингэснээр тус газраас энэ сарын 7-нд багтаан мөрийн хөтөлбөрийн нийцлийн дүгнэлт гарган, СЕХ-нд хүргүүлэх учиртай. СЕХ нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээж авснаас хойш гурав хоногийн дотор буюу тавдугаар сарын 8-ны дотор нэр дэвшигчийг бүртгэх, эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. Тодруулбал, нэр дэвшүүлэхээр мөрийн хөтөлбөр, бичиг баримтаа хүргүүлсэн дөрвөн хүний хэнийг нэр дэвшигчээр бүртгэх эсэхийг СЕХ шийднэ.

МАН-аас Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХҮН-аас Д.Энхбат нарыг нэр дэвшүүлэхээр болсон бол АН хоёр талд хоёр нэр дэвшигч тодруулан тус тусынх нь мөрийн хөтөлбөрийг ҮАГ-т хүргүүлээд байгаа юм. Энэ тухайд АН бүртгэл, тамга тэмдэгний асуудал дахин сөхөгдөх нь тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй нэг л АН байх ёстой учраас нэг л нэр дэвшигч тодруулах учиртай байсан. Гэвч тус намынхан дотоод хагаралдаанаа эцэслэж чадахгүй байсаар ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуультай золгоод байна.

Эцэстээ тэдний энэ хагарал АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч болж чадахгүй нөхцөлд ч хүргэж мэдэхээр байдал үүссэн байна. Ямартай ч СЕХ нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хянаж, холбогдох бичиг баримтын бүрдлийг хянаж дууссанаар тавдугаар сарын 24-ний өдөр нэр дэвшигчдийг нийтэд мэдээлж үнэмлэх олгоно. Нэр дэвшигчид үнэмлэх олгосноор сонгуулийн сурталчилгааг албан ёсоор эхлүүлэх зохицуулалттай байгаа юм. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуульд гадаад улс оронд амьдарч байгаа Монгол Улсын иргэд оролцож, саналаа өгөх боломжтой бөгөөд хуульд заасны дагуу тавдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд гадаадад байгаа иргэдийн саналыг авах юм. Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэд дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн тавдугаар сарын 9-нийг дуустал 20 хоногийн хугацаанд өөрийн оршин суугаа улсын суугаа дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очиж, эсвэл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлнэ. Сонгогч саналаа өгснийг илэрхийлэх бэхэн тэмдэглэгээ хийх зохицуулалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан юм.

Д.Амарбаясгалан: МАН АРД ТҮМНИЙ ИТГЭЛ ДААХ ХҮНИЙГ НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ

МАН Бага хурлын X хуралдаанаа цахимаар хуралдуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулан, үндэсний аудитын газарт нийцлийн аудит хийлгэхээр мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийв. Тус нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахын тулд нэр дэвших болзол, шаардлага хангасан таван хүний нэрийг Удирдах зөвлөлөөс гаргаж, намын анхан шатны байгууллагуудаар хэлэлцүүлэн санал авчээ. МАН-ын дарга, Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын нэрийг намын бүх шатны байгууллагад хүргүүлэн, санал авахад МАН-ын дарга У.Хүрэлсүхийг олонх нь дэмжсэн байна. Үүний дагуу МАН-ын Удирдах зөвлөл цахимаар хуралдаж, намын бүх шатны байгууллага болон социологийн судалгаа, намын нийт гишүүдийн гаргасан судалгаанд үндэслэн МАН-ын дарга У.Хүрэлсүхийг санал нэгтэйгээр Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж, Бага хурлын Х хуралдаанд оруулсан байна. Ингэснээр У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд нэр дэвшүүлэхийг Бага хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэлсэн. Энэ үеэр тэрбээр “МАН-ын дарга У.Хүрэлсүх нь төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг чангатгах, хараат бус шударга шүүх, прокурорын тогтолцоог төлөвшүүлэх чиглэлд олон санал санаачилга гаргаж, манлайлан ажиллаж буй улс төрч юм. Нийгмийн шаардлагын хүрээн дэх нэг зарчим бол байгалийн баялгийг тэгш бөгөөд шударга хуваарилах явдал. У.Хүрэлсүх нь Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа алдагдсан орд газрууд, байгалийн баялгийг төрийн төдийгүй нийт ард түмний мэдэлд авчрах томоохон ажлуудыг хийж эхлүүлсэн. Үүний дотор Оюутолгойн гэрээг засаж сайжруулах зорилготойгоор Дубайн гэрээг цуцлах, Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Үүний хүрээнд Эрдэнэтийн 49 хувийг Монголын төрийн, ард түмний мэдэлд авчрах томоохон шийдвэрийг зоригтойгоор гаргасан бөгөөд үр шимийг нь Монголын ард түмэн хүртэж эхлээд байна.

Тухайлбал, коронавирусийн хүндрэл бэрхшээлтэй цаг үед ард иргэдийн орлого багасч буй нөхцөл байдлыг харгалзсаны үндсэн дээр хүүхдийн мөнгийг 100 мянгад хүргэх шийдвэрийг Ерөнхий сайд байхдаа гаргасан. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн олж буй ашгаас нийт айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагын тог цахилгаан, дулааны төлбөрийг долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэл тэглэсэн шийдвэр нь Монголын ард түмэн нэн хүнд цаг үеийг эрсдэл багатай даван туулах нөхцөлийг бүрдүүлсэн юм. У.Хүрэлсүх нь Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2016 оныг хүртэл улсын эдийн засагт учирсан уналт, саад бэрхшээлийг эхний ээлжид тогтворжуулах, цаашлаад богино хугацаанд огцом өсөлтийг бий болгох зорилт тавин ажилласан нь өнгөрсөн хугацаанд үр дүнгээ өгсөн юм. Энэ хүрээнд Нефтийн үйлдэр, Цэвэрлэх байгууламж, төмөр замын бүтээн байгуулалт, автозамын шинэчлэлийн бүтээн байгуулалт зэрэг томоохон ажлуудыг амжилттай эхлүүлж, амжилттай үргэлжлүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч нь ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалагч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч, ҮАБЗ-ийн тэргүүн зэрэг өнөөгийн Монголын нийгэмд ард түмнээ талцуулж хуваадаг бус эв эеийг эрхэмлэн, зөвшилцөл ойлголцлыг чухалчилдаг албан тушаал юм. Тийм ч учраас МАН төрийн өндөрлөгүүд нь нэг зүгт харан эв эетэй байж, богино хугацаанд Монгол Улсад хөгжил дэвшил бий болгож, ард иргэдийнхээ амьдрал ахуйг сайжруулах чиглэлд хамтран ажиллах зорилго тавин энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахаар зорин ажиллаж байна. Монгол Улсын Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч нь хяналт тавих бус эв нэгдлийг эрхэмлэгч, эв эеийг хичээгч, хагарч бутарсан улс төрийн намууд, ард иргэд, тодорхой түвшний хүмүүсийг зөвшилцүүлэх, эвлэрүүлэх томоохон үүргийг хүлээдгээрээ илүү онцлог юм.

Тийм учраас МАН Монголын нийт ард түмний итгэл, сэтгэлийг авч сонгогдох чадвартай итгэл дааж ажиллах, бусад төрийн институцтэй хамтран богино хугацаанд улс эх оронд хөгжил дэвшил авчирч чадах хүнийг нэр дэвшүүлсэн гэдгийг та бүхэндээ хэлье” гэлээ.

М.ӨНӨРЖАРГАЛ. “Монголын үнэн” сонин.

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account