Ардчилсан Нам дотор одоо л асуудал өрнөнө дөө

Ардчилсан Нам дотор одоо л асуудал өрнөнө дөө

Ардчилсан Нам дотор одоо л асуудал өрнөнө дөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох 8 дахь удаагийн сонгууль өндөрлөж, эрх баригч намын дарга У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгууллаа. 2009, 2013, 2017 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялагдаад байсан МАН Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дараах Төрийн тэргүүнийг сонгох сонгуульд том ялав.

Гэхдээ сонгогчдын хувьд ардчилалд дургүй, эсвэл эрх баригч намд хайртайдаа ийм сонголт хийсэн гэж шууд  дүгнэвэл дэндүү өрөөсгөл. Яагаад гэвэл энэ удаагийн сонгууль маш олон хүчин зүйлийн үр дүн гэдэг нь улстөр сонирхдог, бас сонирхдоггүй хэнд ч ойлгомжтой асуудал. Хамгийн нэгдүгээрт, сөрөг хүчин АН-ын үе үе илэрхий ажиглагдаж байсан талцаж хуваагдах өвчин энэ удаагийн сонгуулийн өмнө сэдэрсэн нь сонгуулийн үр дүнг АН-д таагүй эргүүлсэн шалтгааны нэг яах аргагүй мөн. Энэ нам Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэдэг хоёр лидер дээрээ хуваагдсан, хэрэлдсэн,  бүр  зодолдсон  бөгөөд сонгуулийн өмнө С.Эрдэнийн нөхөд Х.Баттулгыг намаасаа дахин нэр дэвшүүлэхгүй гэдэг дээр нэгэнт тогтоод, хамаг хороо найруулж амжаад байсан юм. Х.Баттулгын талынхан буюу УИХ дахь АН-ын 11 гишүүн Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэх шаардлага тавьж Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлахад С.Эрдэнэ, М.Тулгат, Ч.Өнөрбаяр (Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад Хуулийн бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байсан) нар өөр газар цугларч “Өнөөдрийн байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, захиалгаар гарч ирсэн УИХ дахь АН-ын 11 гишүүн гэх АН-ын нэр зүүсэн хүмүүсийн дэргэд бид амьд ажиллаж байсан юм. Бид амьд дуу хоолойгоо хүргэж чаддаг байсан юм аа. Өнөөдөр энэ 11 гишүүн хэний төлөө, юуны төлөө Сүхбаатарын талбай дээр өлсөж цангаж байгаа нэртэй хэвтэж байгаа юм бэ?” нөгөө хэдийгээ үгүйсгэн  эсэргүүцэж байлаа. Ийм ойлгомжгүй, дотоод  эв нэгдэл нь сарнисан нам сонгогчдын итгэлийг тийм амархан татах уу?

Хоёр хуваагдсан учраас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж, намдаа эргэн ирснээ зарласан Н.Алтанхуягийг хүлээж авахгүй нь ойлгомжтой байсан шүү дээ. О.Цогтгэрэлийн АН Н.Алтанхуягийн гишүүнчлэлийг сэргээсэн ч С.Эрдэнийн талын М.Тулгат даргатай АН “Наад хүнийг чинь бид хөөчихсөн юмаа. Эргүүлж авахгүй” гэж мэдэгдсэн нь энэ нам яах аргагүй хоёр хуваагдсаны яруу тод нотолгоо болсон юм. Дээд шүүх М.Тулгатын тамгыг үндсэндээ хүлээн зөвшөөрсөн болохоор одоо О.Цогтгэрэлийн хувьд АН-ыг төлөөлөх эрхгүй. Одоо тэгэхээр М.Тулгатын Ардчилсан Нам (Ц.Элбэгдорж цаана нь байгаа) Х.Баттулга, Н.Алтанхуяг нарыг эгнээндээ татаж найр тавих нь юу л бол? Өөрөөр хэлбэл, АН гэдэг нэр дээр Ц.Элбэгдорж тэргүүтэн үлдэж байна гэсэн үг л дээ. Ямар ч байсан Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн АН-д маш том өөрчлөлт авчрах нь тодорхой боллоо. Хэрвээ АН-д энэ удаагийн Төрийн тэргүүний суудал ач холбогдолтой байсан бол үзэл бодлоо нэгтгээд илүү магадлалтай хүнээ нэр дэвшүүлэх ёстой байсан. “Та нар эвлэлдэн нэгдээч ээ. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихлээ” гэдэг уриалга, шаардлагыг нэр бүхий гишүүд дэмжигчид нь хүргүүлсэн ч тусыг эс олсон.  Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёр нэг завин дээр суух нь үлгэр болсон учраас яриа хэлцэл хийгээгүй, тус тусынхаа амбицаар бодлого шийдвэрээ гаргаад явсан. Цаашдаа ч тийм амархан үг хэлээ ололцохгүй байх.

Д.Лхагва

cэтгэгдэлүүд
  • хуваагдсан

  • одоо ч мэдэхгүй ээ

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account