“Улаанбаатар номын баяр 2020” номын баярыг энэ жил цахим болон уламжлалт хэлбэрээр зохион байгуулснаараа онцлогтой.
Энэ 3 өдөр нийслэлийнхэн “Мишээл экспо” төвөөр зочилж, зохиолчийн гарын үсэгтэй номыг 10-70 хувийн хямдралтай худалдан авсан бөгөөд хүссэн номоо “Mplus” аппликейшнээр захиалж, Монгол шуудангаар хүргүүлэн авсан юм. Иргэд гэрээсээ гаралгүй цахимаар номоо захиалах эсвэл аюулгүй байдлаа хангаж, амны хаалт, бээлийгээ өмсөж хүрэлцэн ирж хүссэн номоо худалдан авсан гэдгээрээ өмнөх номын баяруудаас ялгаатай байлаа. Энэхүү номын баярын ерөнхий зохион байгуулагчаар “Номын соёлт ертөнц”, хамтран зохион байгуулагчаар “Mplus”, мэдээллийн ивээн тэтгэгчээр “МОНЦАМЭ агентлаг”, дэмжигч байгууллагаар “KEWIKO”, “JCI”, “HATUN MODEL TALENT MANAGEMANT” загварын агентлаг, “Монгол шуудан”, “MGL” media group, “Itools”, “Foley and recording studio” зэрэг байгууллага ажилласан юм. Дэлхий дахинд олон нийтийг цуглуулсан ямар нэг үйл ажиллагааг хориглон цар тахлын үеийн дэглэм сахихыг шаардаж гэртээ байхыг уриалж буй энэ үед эрүүл ахуйн шаардлага, зөвлөмжөө мөрдөн уламжлалт номын баяраа өндөр дэг журамтай ийнхүү тэмдэглэж чадлаа. Номын баяр бол бид бүхний баяр учраас номонд хайртай хүн бүхний итгэл, зүтгэлийн ачаар дэлхийн нийтийг хамарсан цар тахлын энэ хүнд цаг үед гэрэл гэгээ түгээсэн мартагдашгүй үйл явдал боллоо. Иргэн бүр нийгмээ сайхнаар бүтээхэд өөрийн чадах зүйлээрээ үүрэг оролцоотой байдаг гэдгийг энэ баяр нотолсон төдийгүй зохион байгуулагчдын 14 жилийн хөдөлмөр шингэсэн үйлс гэдгийг онцлох ёстой. Хавар, намартаа цуглаж биесээ харах, шинэ ном шимтэн үзэх жаргалыг энэ баярт оролцдог ном бүтээгчид, зориод ирдэг уншигчид бусдаас илүүтэй мэднэ. Баярын хүндэт зочид болох хүүхэд багачуудад энэ удаа хаалттай болсон ч намрын сайхан налгар өдрүүд буюу 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногт эх орныхоо нийслэл төв талбайдаа уулзах товоо зарлан энэ удаагийн баяраа өндөрлөв гэж МОНЦАМЭ мэдээллээ.