Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Эх сурвалжийн мэдлээлж байгаагаар тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа аж.
Д.Гэрэл нь 68 настай. Улаанбаатар хотын харьяат. Улаанбатар хот дахь орос сургалттай гуравдугаар сургууль, ЗХУ-ын /хуучнаар/ Улсыг аюулаас хамгаалахын дээд сургууль төгссөн мэргэжлийн тагнуулч. Мөн Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийг төгссөн хэлний боловсрол сайтай.
Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, Япон улс дахь Монголын ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Япон улс дахь Монголын ЭСЯ-нд консул, мөн ЭСЯ-нд консулын хэлтсийн дарга, Монгол Улсаас БНСУ дахь Элчин сайдаар тус тус ажиллаж байсан. 2017 оны 11 дүгээр сарын 1-нд Б.Хурцын оронд ТЕГ-ын даргаар томилогдон гурван жил орчим ажиллаад ийнхүү ажлаа өглөө. Тэрбээр 2012-2013 онд ч тагнуулын байгууллагыг удирдаж байсан салбарын туршлагатай хүн гэгддэг.
Тагнуулын ерөнхий газрын Гадаад тагнуулын хэлтсийн дарга асан Ш.Амгаланг өнгөрөгч 5 дугаар сарын 03-ны өдөр гэр бүлийн хамтаар салхинд гарахаар явж байх үед нь Тагнуулын ерөнхий газраас баривчилж хорих 461 дүгээр ангид 42 цаг саатуулаад сулласан талаар тухайн үед хэвлэлүүд шуурхай мэдээлсэн. Энэхүү үйл явцын дараа хурандаа Ш.Амгалан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “461 дүгээр ангиас суллагдахаас тавхан цагийн өмнө ТЕГ-ын хэлтсийн дарга Т.Баярхүү намайг гадаадын тагнуулын байгууллага, ажилтантай хууль бусаар хамтран ажиллах хэрэгт холбогдсон гэж олон нийтэд мэдэгдсэн. Ингэж мэдэгдсний дараа сулласан. Намайг хилс хэрэгт холбогдуулан шалгаж хэрэг тохох гэж байна. Надад эх орноосоо, ард түмнээсээ урвасан зүйлгүй. Би Тагнуулын байгууллагыг шүүмжилдэггүй. Д.Гэрэл даргын ажлыг л шүүмжилдэг. Түүнээс авгай хүүхэд, ар гэрийг нь дурддаггүй. Намайг баривчлах өдөр би Эмээлт захаас хонь авахаар явж байсан. Гэтэл гэнэт гурван машинтай залуу хүрч ирээд миний толгойд хар уут угласан. Ингээд эхнэр, охинд минь хүч хэрэглэн машинд чихэж суулгасан. Хувийн өмчит нь халдсан. Би прокурорын зөвшөөрөл чинь хаана байна гэсэн. Гэтэл үзүүлээгүй. Гэрт очоод нэгжлэг хийх нэрээр түйвээсэн.Би ерөнхий прокурор, Дээд шүүх, Хууль зүйн сайд, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн комисст хандана” хэмээн мэдэгдэж байв.
Ц.Болд