9 дүгээр сарын 1-ний өглөө. Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэг. Ариутгал, цэвэрлэгээг маш сайн хийсэн нь үүднээсээ л харагдана. Хүүхдүүдийн /бас эцэг, эхчүүдийн/ халууныг үзэж, “Халуунтай хүүхдийг оруулахгүй” гэж эрс шулуун анхааруулж байв. Угаасаа мэргэжлийн байгууллагаас тийм шаардлага тавьсан болохоор аргагүй шүү дээ. Эмч нь өөрийн биеэр хүмүүст шаардлага тавина. Цаана нь цэцэрлэгийн эрхлэгч нь давхар хянаж амны хаалт зүүж, гараа ариутгахыг анхааруулна. Тэд үнэхээр хичээж байгаа нь илт. Харамсалтай нь амны хаалтгүй хүн байна. Өөрөө ч, хүүхэд нь ч маскгүй эмэгтэй харагдах… “Ийм хэнэггүй, хариуцлагагүй байж болохгүй” гэж цэцэрлэгийн удирдлагууд зэрэг зэрэг сануулна. Нөгөөдүүлийнх нь царай ядаж улайхгүй юм. Бас улавчгүй ирчихээд бусдын улавчийг гуйж ч байх шиг. Цар тахлын улмаас удаан хугацаанд хөл хорионд байсан хүүхдүүд өнөөдөр л цэцэрлэгтээ ирж байна. Гэхдээ өмнөхөөс огт шинэ нөхцөл байдлын үе л дээ. Харин зарим нэг эцэг, эхчүүдийн сэтгэлгээнд өөрчлөлт орсон шинж алга. Өнөөх л бусдаас улавч гуйсан, гутлаа тайлаад орчихьё гэж дураараа аашилсан дүр зураг бүрэн арилаагүй байна.
Монгол Улс халдварыг дотроо барьж байгаа ч Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас батласан дүрэм журам, шаардлагыг өндөр хэмжээнд хангах нөхцөлтэйгээр цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Аль аль талд өндөр хариуцлага тулгарсан үе гэдгийг зарим эх, эцгүүд ойлгож, ухамсарлах цаг бол өнөөдөр! Хүүхдийнхээ дархлааг дэмжих, халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх тал дээр урд өмнөхөөсөө илүү их ухаан, цаг зарцуулах ёстойг нөхцөл байдал хүссэн хүсээгүй шаардаж байна. “Ковид-19”-ийн аюул өнөөдөр дэлхийг түгшээсэн хэвээр. Нийт 22.000.000 сая хүн халдвар авч, 800.000 гаруй хүн нас барчихлаа. Зарим оронд хоёрдахь, бүр гуравдахь давалгаа эхлэх чимээ Монголд хамаагүй гэж үү?!
Д.Дорж