Коронавирусын халдвар түгшүүр төрүүлсэн хэвээр. Монгол Улс дотроо алдаагүй гэдэг утгаараа л сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Гэхдээ мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, баталсан стандартыг ягштал баримтлах шаардлагыг боловсролын байгууллагаас гадна эцэг, эхчүүд биелүүлэх учиртай!
Өглөө бүр хүүхдүүдийн халууныг үзэж, хэрвээ халуурч ханиалгаж байгаа бол цэцэрлэгт явуулахгүй байх ёстой. Харамсалтай нь зарим ухвар мөчид эх, эцгүүд дураараа аашилж, ханиадтай хүүхдээ хүчээр оруулах гэж зүтгэх тохиолдол гарч байна.
2020 оны 9 дүгээр сар 10-ны өглөө…Цэцэрлэгийн бэлтгэл анги. Нэгэн эмэгтэй хүүхдээ дагуулж орж ирээд багшид нь шуудхан “Манай хүүгийн хоолой нь өвдөөд байгаа юм. Түүнээс биш халуунгүй” гэж тулгав. Багш нь ханиалгаж байгаа хүүхдийг авахгүй гэвэл “За яахав, өнөөдөртөө өгчихье. Өдөр цонх нээсэн чинь би даараад ханиалгасан гэж манай хүүхэд хэлсэн” гэж өөрийнхөөрөө дайрав. Эх хүн байж бусад хүүхдүүдийн эрүүл мэндийг яагаад бодохгүй байна вэ?
9 дүгээр сарын 9-ний өдөр цаг агаар маш дулаахан байсан, зун шиг. Тэгээд ч цонхоо байнга нээж агаар сэлгэж байхыг эрүүл мэндийн байгууллагууд сануулж байгаа шүү дээ. Үүнийг тэр эмэгтэй яагаад ойлгохгүй байна вэ? Нэг л халдвартай хүүхэд ороод ирвэл тэр олон хүүхэд ямар байдалд орох вэ?! Монголчууд амиа бодсон, дураараа, ухвар мөчид зангаа татахгүй бол дэлхийг хамарсан цар тахлын үед илүү их хохирно шүү!!!
Д.Дорж