Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.22/ Говь-Алтай аймагт ажиллаж, тус аймгийн иргэдтэй уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон нутгийн иргэдтэй хийх уулзалтын үеэр иргэдийн хэлсэн саналыг тоймлон хүргэж байна.
Говь-Алтай аймгийн Чандмань сумын иргэн Б.Дүйнхэржав:
“…Өртэй байсан ахмадууд бидний зургаан саяаас бага өрийг тэглэж өгсөн ач буянтай Ерөнхийлөгч шүү, та. 30 жилийн түүхэнд ийм Ерөнхийлөгч байгаагүй ээ. Зөвхөн ахмадууд бид ч биш, өвөө эмээ, аав ээжгүй айл өрх гэж байдаггүй. Монголын гурван сая гаруй хүмүүст бүгдэнд нь туссан хайр байсан шүү.”
Говь-Алтай аймгийн өндөр настан Нямаажав:
“…Монгол Улсаас гадаадад очиж байгаа байгалийн баялаг, газар шороог жаахан боловсруулаад өндөр үнэтэй өгч болдоггүй юм уу? Яагаад ийм хямд үнээр гадаадад очоод байна вэ?
Энэ ард түмний амьдрал доройтонгуй байна. Доройтож байгаа хэсэг ард түмний амьдрал яаж байна вэ гэхээр, доод болон дунд насны ажил хийж байгаа, албаны нэр зүүсэн хүмүүсийн цалин мөнгө алга байна шүү. Энэ хүүхдүүдээ харж байхад хэцүү харагдаад байх юм. Би 91 настай хүн. Төр, түмэнд их ажил хийсэн хүн. Энэ залуучуудын цалин хөлсийг жаахан анхаармаар байна аа.”
Говь-Алтай аймгийн Шарга сумын иргэн Идэрмөнх:
“…Тэтгэврийн насны асуудал байна. Сар, жилд гурван сар нэмээд тэтгэвэрт гарах насыг хойшлуулаад байдаг. Ер нь тэтгэврийн насыг заах хэрэггүй гэж бодож байна. Улсад 30 жил тасралтгүй ажилласан хүн тэтгэвэрт гардаг хууль хэрэгтэй байна. Хүн 25 настайдаа ажиллаж эхэлсэн бол 55 настайдаа тэтгэвэрт гарна. Ингэж байж төгсөөд ирж буй залуус ажлын байртай болно. Бидэн шиг хүмүүсийн ажиллах сар нэмэгдээд яваад байхаар зарим нь 62, 63 нас хүрч байж тэтгэвэрт гарахаар болж байна. Суманд гэхэд төгсөөд ирсэн залууст ажлын байр алга.
Хоёрдугаарт, хуулийн асуудал байна. Хууль бол гууль байна шүү. Ард түмэнд илэрхий харагдаж байна. ЖДҮ-чидтэй тооцоо хийнэ гээд байсан чинь яагаад заримтай нь тооцоо хийгээд, заримтай нь хийхгүй байгаа юм бэ? Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой биз дээ? Тэр зарчим хаачив?”
Говь-Алтай аймгийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Сумаажав:
“…Усны асуудлыг төрийн түвшинд авч үзэх хэрэгтэй байна. Манай улс усны асуудлаар их буруу түвшинд явж байна гэж боддог. Яагаад гэвэл газар нутгийн гурван хувьд улаанбаатарчууд амьдарч байна. Гэтэл бүх юманд цэвэр ус хэрэглэж байна. Иймээс усны асуудлыг төрийн түвшинд авч үзэх хэрэгтэй байна.
Мөн иргэдийг тараан байрлуулахын тулд говийн бүсийн нэмэгдлийг 1000-аас дээш км зайд оршин суудаг хүмүүст говийн бүсийн дэмжлэгийг олгох хэрэгтэй болов уу.
Банкны зээлийн хүүг бууруулах хэрэгтэй байна. Яагаад гэвэл монголд зээлгүй хүн байхгүй, 97 хувь нь зээлтэй байна.
Хүнсний аюулгүй байдлыг төрийн түвшинд авч үзэх хэрэгтэй байна.
Газар нутгийнхаа гурван хувьд амьдарч байгаа улаанбаатарчуудыг дагуул хотод тараан байрлуулбал зүгээр юм уу гэж бодож байна.
Мөн хөдөлмөр хамгааллын зардлыг төсөвт суулгаж өгөх хэрэгтэй байна.”
Говь-Алтай аймгийн харьяат Хангал:
“…Залуучуудыг харахаар нэг үеэ бодвол их боловсролтой, мундаг болжээ. Эргээд харахад биднийг ажил дээр гараад ч юм уу, юм хийгээд явж байхад үгүйсгэдэг гол хүмүүс нь дээд үе, ахмад настнууд байдаг. Ахмадууд байнга биднийг дардаг. Ахмадаа хүндлэх ёс байлгүй яах вэ, гэхдээ нөгөө талаасаа ахмадууд байнга залуучуудыг үл тоодог. Монгол Улсыг залуучууд, бидний хүүхдүүд, дараа нь тэдний хүүхдүүд авч явна. Монгол Улсын хүн амын 60-70 хувийг хүүхэд, залуучууд эзэлж байгаа. Тэгэхээр бидэн рүү чиглэсэн тодорхой ажлыг хэрэгжүүлж эхэлмээр байна.
Хоёрдугаарт , аялал жуулчлалын салбарт тодорхой зохицуулалтуудыг хийх шаардлагатай юм уу гэж би хардаг. Дэлхий дахинд интернэт, нийгмийн сүлжээн дэх контент дээр тогтсон. Маш олон контент үйлдвэрлэгчид байдаг болсон. Монгол Улсыг аялал жуулчлалын бүс болгохын тулд олон улсад таниулах маш далайцтай, улсын нийт байгалийн үзэсгэлэнт газруудыг таниулсан, аль ч хэлээр үзэх боломжтой контент хиймээр байна. Энэ жилийн наадмаар Монгол наадам гэсэн гоё контент гаргасан нь сайшаалтай байгаа. Энэ зун би нутагтаа ирээд гоё газруудаар нь аялсан ч дэд бүтэц алга. Гаднаас жуулчин авъя гэхээр ямар ч дэд бүтэц байхгүй, гадаадын жуулчин эзгүй хээр газар ирж байж байгаад буцдаг” гэлээ.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга иргэдийн асуултад хариулж, дүгнэж үг хэллээ. Энэ үеэрээ иргэдийн зүгээс хөдөө аж ахуйн салбар, ялангуяа малын гаралтай түүхий эд үнэгүйдэж байгаа талаар олон удаа санал, хүсэлт тавьж буйг тэмдэглэж, энэ чиглэлд санаачилгатай ажиллахаа илэрхийллээ.