Өглөө эрт босох нь Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Догмидын хувьд дадсан заншил ч биш. Ерөөсөө багын хүмүүжил нь.
“…Тийм ээ. Би эрт босдог. Ер нь хоногт дөрвөн цаг л унтдаг. Их ядарсан үедээ үсрээд таван цаг амардаг. Унтах унтахдаа үхсэн юм шиг таг унтаж үзээгүй. Энэ бол эцэг эхийн бүр багад минь олгосон хүмүүжил гэх үү дээ. Орой унтвал нэгийг сонсдог, эрт босвол нэгийг үздэг гэдэг тийм л философиор өсч хүмүүжсэн дээ. Би багадаа хурдны морь унадаг хүүхэд байсан. Таван настайгаасаа шүү. Ууж идэх, унтаж хэвтэх хэмжээ хязгаартай, цаг хугацаатай, нарийн дэгтэй байсан үе л дээ. Эрхэлж наадахад хүртэл учир байлаа. Ер нь тэр үеийн хүүхдүүд өдрийн цагаар хамаагүй хашгирч шуугилдаж, ноцолдох хориотой. Ялангуяа баяр наадмын үеэр. Яагаад гэвэл хурдны морийг цочоож сэрээхгүйн тулд хүүхдээ их дэгтэй хүмүүжүүлдэг байсан юм. Энэ мэтээс болоод би эрт босоод сурчихсан. Архи уух тусмаа эрт босдог байлаа. Зарим өглөө шувуу нойрноосоо сэрээгүй байдаг”. Мань хүн ийнхүү “адарч” байна. Бас хөдөө айлд буухаараа гэрийн сүүдэрт унтаж буй нохойг хараад юу хийсэндээ унтаж байгаа хог вэ гэж уурладаг “өвчтэй” хүн дээ гэж өөрийгөө “өргөмжлөв”. Ер нь унтамхай залхуу амьтанд адгуусан төрлөөс нь үл хамаарч дургүйцнэ. Ямар сайндаа сүүдэр бараадан нозоорон хэвтэх нохойны сарьсан хоншоор дээр нясалж байхав дээ. Үүнийгээ жигтэйхэн зөвтгөж ярина. “Анагаахын шинжлэх ухаан насанд хүрсэн хүн 6-8 цаг унтах хэрэгтэйг нотолсон. Ингэж гэмээнэ уураг тархиа амрааж, биеийн алжаалаа тайлдаг бололтой. Таны хувьд энэ онол номтой “тэрсэлдэж” ирсэн байх юм. Байгалийн хуулийг зөрчиж болж байгаа юм уу?” гэдэг асуултыг наснаасаа олон сонссон хүн гэвэл Б. Догмид зохиолч. Өгөх хариулт нь ч тодорхой.
“Хүн, морь, машин гурав анхныхаа сурцаар л явдаг. Өвлийн хүйтэнд гадаа “хоносон” хэрнээ “астаачир” ганц дараад асдаг машин зөндөө бий. Энүүхэндээ марзагнаад ярихад машин, хүүхэн хоёр доороосоо л даардаг. Хүн бага унтсанаас болоод үхдэг бол би аль хэзээ нүд анисан. 12 цаг унтдаг хэрнээ ядраад байдаг хүмүүс байж л байдаг. Тэгвэл би 60 жил хагас нойртой явлаа. Хар залуугаасаа цаастай нөхөрлөлөө. Ний нуугүй хэлэхэд “хортой” бүхнийг хэрэглэж, “хориотой” бүхнийг хийж явлаа. Одоо 60 нас хэдийнэ хол хэвийжээ. Гэтэл ядаргаанд орсон зүйл алга. Монгол хүний яс чанар ийм л байгаа юм даа. Ялангуяа малчид их бага унтдаг. Зун мал хариулдаг хүн хэдэн цаг унтдагийг мэдэх үү? Дөрөвхөн цаг л нүдээ амраасан болдог. Гэтэл хот суурингийн улс өглөө үдэшгүй дугжрах юм. Хэдийд нь ажлаа амжуулдаг болж байна вэ гэж бодохоор гайхдаг”. Ийм л хариултыг хэн гуайд ч өгнө.
Хүүхэд л болсон хойно хөдөлгөөнөө
хориулаад байх хэцүү байсан уу гэж асуувал
“Үгүй. Эцэг эхийн үгнээс гарах нь байж болшгүй зүйл гэдэг
ухамсар бяцхан оюун ухаанд минь суусан болохоор том хүнээс айдаг байсан юм. Тэр
тусмаа уяаны морьны дэргэд биеэ зөв авч явахыг хичээдэг байлаа. Яагаад гэвэл
уяа сойлго нь жигдэрч буй морийг зүйрмэглэж байхад нь цочоовол сэтгэлд нь оёг
тогтдог. Зан ааш нь эвдэрч, давхилт нь алдагддаг. Яг нялх хүүхэдтэй
адилхан. Тийм учир маш тайван байлгах хэрэгтэй юм. Тэр ч байтугаа хурдны
морийг байнга сойздож, хөлс тоосыг нь буулгаж, дух хоолойг нь майжиж, нуруу
хамрыг нь арчих ёстой. Хүүхэд шиг бөөцийл. Хэдийгээр адгуус ч гэлээ яах гэж уяж
сойж байгааг морь хүнээс илүү ойлгодог. Олон жил уралдсан морь өөрөө өөрийгөө
сойж эхэлдэг нь үүний нотолгоо. Сайн морь хот, зэлний мал гишгэсэн өвс иддэггүй
гээд боддоо” гэж ярина. Сэтгэл нь хөдлөв бололтой хурдан морины сэдэв
рүү гэнэт хазайснаа үл тоож наадмын морь унасан багынхаа зургийг үзүүлнэ.
Морьны сэдвээр яривал яриад л байх янзтай даг. Тэгсэн мөртөө морь уяж үзээгүй
гэж байгаа. Үүнийгээ хурдны морь сайн унадаг байснаараа ямагт цайруулна. “Морь
унахын хувьд харин ч нэг мундаг байлаа. Миний морь дандаа түрүүлж, эсвэл
айрагдаж байсан. Нууц нь гэвэл манай угшил удам сайтай адуунд байсан болов уу.
Тэгээд ч эцэг маань адуу сайн мэднэ. Ёстой л ланжгар уяач байлаа. Миний
аав улсын наадамд хүлгийнхээ шандсыг сорьж үзээгүй. Гэхдээ Гал шар сумынхаа
наадмын түрүүг удаа дараа авч билээ. Хурдан хүлгээрээ алдартай Гал шарын аварга
морьдын түрүүг авна гэдэг улсад түрүүлсэнтэй адилхан. Тэр “онол” одоо ч
хэвээрэй” гэж “онгирохоо” мартсангүй.
Б. Догмид зохиолч орой унтаж эрт босоод сурчихсан болохоор шөнийн 00 цагаас
хойш бичгийн ширээнийхээ ард сууж авна. “Хүн амьтны хөл татарч, машин тэрэгний
шуугиан намжсан хойно ухаан санаа төвлөрдөг. Тэр олон адуу шиг хуулирсан ороо
догшин үг, өгүүлбэрийг уургалж барьж авахын тулд ахуй орчныг бүрдүүлж
сэтгэлдээ ер бусын уран сайхны агаарыг бий болгох хэрэгтэй. Тэгж байж л хэдэн
үгийг чадан ядан хэлхдэг дээ” гэж ярих. Түүний “Ус уухын заяа” хэмээх
бүтээлийг нь уншсан хүн заавал магтдаг.
… Нарны туяа Сайншанд хотын дээгүүр тунаран түрүүчийн тахиа донгодохын алдад энэхүү өгүүллээ бичиж дуусч билээ. Улмаар ийм өгүүллэгийг энэ хонхорт надаас өөр бичих хүн байхгүй. Энэ шөнө би агуу ихийг туурвив. Сайншандын дарга, нохой хоёрыг унтаж байх хойгуур гайхамшигийг бүтээв гэж өөрөө өөрөөсөө таашаал авч, дариухан шил архи олж уухаар агентын зүг яаруухан алхаж билээ гэж ярихад нь өчнөөн зохиол бүтээл туурвисан энэ хүн “Ус уухын заяагаа” л онцолж байгаа нь уран бүтээлч хүний онгод тэнгэрийн хүч тэр л бүтээлд нь илүүтэй туссаных юм болов уу гэж бодогдсон.
-Ингэхэд та үргэлжилсэн үгийн зохиолыг хожуу бичиж эхэлсэн
гэл үү гэж асуувал “Санхүүгийн техникумд байхаасаа тэрэлсэн дээ. Дундговь
аймгийн харьяат Дарь. Нацагдорж гэж гайхамшигтай авьяастай яруу найрагч байлаа.
Тэр хүний анхны түүвэр болох “Алтан завьяа” хэмээх бүтээлийг уншаад сэтгэл ихэд
хөдөлж билээ.
…Яндар хадаг хийссэн дурсгал ихт овоо
Явуулын хүн буумтгай Дунд хулдын даваа
Аягын чинээ зайтай ч тархи гэдэг уужимхан юм
Алгын чинээ биетэй ч зүрх гэдэг агуу юм гэдэг бадаг нь их таалагдсан юм даг.
Би Равжаа хутагтын нутгийн ариун дагшин хөрс шороон дээр хөдөөгийн хөх өвгөдийн дэргэд, малын захад өссөн учраас жинхэнэ сонгодог Монгол хэлийг түшиглэж сурсан. Монгол хэлийг хамгийн сайн эзэмшсэн гайхамшигтай хүн гэвэл миний багш Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ билээ” хэмээв. Одоогийн уран бүтээлчдийн болоод хүүхэд залуусын эх хэлээ хэрхэн баллаж байгааг шүүмжилж байгаа нь тэр биз ээ. Унаган сайхан хэлээ булингартуулах нь улс орны тусгаар тогтнол, хувь заяатай холбоотой, яг л хүүхдийн зулай шиг эмзэг үзэгдэл гэдэг итгэл үнэмшил нь сэтгэлийг нь чилээдэг учраас тэр бөлгөө. Бас “Төрөлх Монгол хэлээ сайн сураагүй хүн гадаад хэл эзэмшинэ гэж байхгүй. Тэр тусмаа орчуулга хийнэ гэж худлаа. Жуулчны хөтөч хийчихээд өөрийгөө орчуулагч гэх юм. Миний бодоход “Дөлгөөн дон”-ыг эх хэлнээ буулгасан Б. Дашцэрэн, мөн С. Бадраа, Ж. Лхагва, Ж. Нэргүй, Х. Мэргэн зэрэг том хүмүүсийн дайнд хүрсэн хүнийг орчуулагч гэж хэлнэ шүү” гэж ундууцах…
-Нэгэн сонинд таны эхнэртэйгээ танилцсан дурсамж эсээ нийтлэгдсэн. Энэ талаар сонирхмоор санагдлаа. Гэгээлэг, ариун нандин сэтгэгдэл тээсэн болохоор тэр л дээ.
-Өнгөрөгч хавар анхныхаа эхнэрийн тухай дурсамж бичсэн юм. Бид хоёр анх танилцах үед би 24 настай аймгийн захиргааны албан хаагч, “том” амьтан байлаа шүү дээ. Харин манай хүн цагаан “фарчигтай” долдугаар ангийн сурагч. Түүнийгээ Сайншандын хулигаануудтай алалцаж байж өөрийн болгож билээ. Хайртаа хүндээ зориулж шүлэг зохиол олныг бичсэн дээ. “Анхны хайрын дууль” гэдэг кино зохиолын хоёрдугаар хэсэг болох “Суман даргын охин” гэдэг бүлгийг найз Жагдалын Лхагватайгаа хамтарч бичсэн. Үнэндээ бол эхнэртээ зориулсан хэрэг л дээ. Тэр ч бүү хэл “Би чамд зориулж кино зохиол бичлээ” гээд бүр гол дүрд нь тоглуулах гэж оролдсон гээч. Кино гэдэг ямар нарийн шалгуур, технологтой болохыг мэддэггүй байсан болоод тэр шүү дээ. Тэр маань Н. Сувдаас дутахааргүй сайхан бүсгүй байж билээ…
…Миний сайн морь, сайхан бүсгүй, нутаг гурваа магтаж бичсэн нь олон. Тэр дотор тааруухан, хуурай хөндий зүйл нэг ч ширхэг ч байхгүй гэж боддог. Ертөнцийн гоо сайхан гэдэг бүсгүй хүн юм. Тэр л гоо сайхны тухай А. Пушкинаас дутахааргүй магтан дуулсан гэж боддог.
…Анх чамтай танилцсан
Алтанхан хормоо мартахгүй гэж Пушкины 1728 онд
Кернд зориулж бичсэн бадаг их гоё санагддаг юм. Би эхнэртээ бичсэн захидалдаа
“Чиний минь цагаахан хүзүү, шанааны энхрий намуухан үнэр эдүгээ ч тэр хол
газраас миний сууж буй өрөө тасалгаагаар мэдрэгдэж байнам биш үү” гэж бичиж
байлаа. Бас нэг шүлэгтээ:
Од сар шиг бүсгүйчүүд гунхсан
Овооны наадам чамаар минь дутдаг
Алтан эрвээхэй харцнаасаа нисгэсэн
Амраг чиний минь хайраар дутдаг…
Мань эр ингэж ярина. Уран бүтээлч хүнийх нь хувьд эмэгтэй хүний тухай
лавшруулан асуувал,
Адуу ям өвчингүй
Авгай хүүхнүүд журамтай
Архи дарс хоргүй
Анд нөхөд мөс ястай байхад наргиж жаргаж явсан хүн шүү гэж
найз нартаа онгирдог гэлээ. Энэ хэдхэн хэлхээ үгний цаана одоогийн охид,
бүсгүйчүүдийг яаж шуухан үнэлж буй нь тодорхой харагдах шиг. Бас
хүний сайхан чанар ороо бусгаа цагийн салхинд хийсэн биднээс улам бүр холдож
буйг ч анхааруулав бололтой.
Архи дарсны хувьд гэвэл Б. Догмид зохиолч анхны эхнэрээ бурхан болсны дараа
жигтэйхэн их сэтгэлээр унаж,чамгүй олон жил архиар хань хийжээ. Харин сүүлийн 20 гаруй жил
тэрхүү догшин идээнд огт хүрээгүй гэнэ.
“Одоогийн
хүмүүс тавхан жил архи уугаад ажлаасаа халагдаж, 10-хан жил уугаад авгайгаасаа
салж, 15-хан жил уугаад гэр орноо ломбардаж, 20-хон жил уугаад гудамжинд гарч,
30 жил уугаад нас барж байна. Архи хэдий муу ч би муу хэлдэггүй. Намайг
унтаж байхад ам руу усраад ордоггүй учраас тэр л дээ”
гэж өнөөх л этгээд гэмээр, гэхдээ үнэн үгээ хайрлав. “Архи бол арчаагүй, амиа
болсон бэртэгчин хүний хэрэглэгдэг ундаа. Тэнд хүүхэд нь идэх хоолгүй хэвтэж
байхад энд уугаад сууж байгаа хүнтэй юу ярих вэ. Эр хүн эрс шулуун, тэвчээртэй,
сэтгэлийн хаттай байх ёстой” гэж учирлах нь аргагүй мэт.
–Та зөн билэгтэй юу. Ер нь онгодоо
яаж дууддаг вэ. “Нэхэл хатуу орчлон” өгүүллэгт тань хийсвэрлэл, зөн совин,
хэтрүүлэл гэмээр дүрслэл байдаг болохоор л ингэж асуумаар санагдлаа?
-Болсон явдал, домог зүй, бодит хийсвэрлэл дундуур зүүд нойрны завсарт надтай учирсан тохиолдсон бүгдийг би зохиол болгож бичдэг. “Нэхэл хатуу орчлон” өгүүллэгт маань буй тэр дүрслэл бол зүүд, зөн хийсвэрлэлийн арга юм. Би бол зөн билэгтэй хүн. Намайг жаахан байхад манай гэрийн хойморт байх бурханы авдар дээр хоёр модон заан байдаг байлаа. Хэмжээгээр том. Бараг л хурганы дайтай. Би морь болгож унана. Гэтэл нэг шөнийн зүүдэнд өнөө хоёр заан маань намайг унадаг байгаа. Түүнээс хойш би тэр хоёр заанаа амьтай юм байна гэж боддог боддог болсон. Ээж маань ч бурханы зааныг унаж болохгүй. Алдас болно. Наадах чинь шүншигтэй амьд амьтан гэж хэлдэг байлаа. Энэ мэт миний хийсвэрлэх зөн совин, алс чинадын мэдрэмж тэмтрүүл дундаас оюун ухаан, авьяас билэг маань хөгжсөн гэж үздэг. Ер нь уран бүтээлч хүн тав, зургаа, магадгүй найм дахь мэдрэмжтэй гэдэгт итгэдэг. Манай нутгийн харьяат, яруу найрагч Ш. Гүрбазар бид хоёр хоосонгүй хүмүүс шүү…
Тэрбээр өөрийгөө зөн совинтой гэж хэлээд байгаа хэрэг. Үүнийгээ таван настай байхдаа айлын буурин дээр ширэн гэртэй гар буу байна гэж зүүдэлсэн нь яг үнэн байсан хэмээн багынхаа нэгэн тохиолдлоор “нотлов”. Тэгсэн мөртөө бөө энэ тэр гэхээр бодох ч дургүй гэж байгаа. Равжаа хутагтын адислаж равнайлсан шашин суртлаар хүмүүжсэн, түүний шид рид, гэрэл гэгээнд бүтээл туурвилаа хийж явж ирсэн учраас бөөг сонирхдоггүй гэх…
Багын омголон, эрс шулуун зантай, хэлэх үгээ хэнээс айлгүй хэлж ирсэн билэг танхай, тэгсэн хэрнээ романтик гэж өрөөлд дүгнэгдэж, өөрөө ч тийнхүү тодорхойлсон Б. Догмид зохиолч олон жилийн өмнө ноён хутагт Данзанравжаагийн тухай “Догшин хутагтын сахиус” хэмээх кино зохиол бичиж, түүнийг нь нэрт найруулагч И. Нямгаваа кино болгосныг монголчууд мэднэ. Тэгвэл нутгийнхаа домог болсон хутагтын тухай бас нэгэн шинэ бүтээлийг туурвисан нь найруулагч Ж. Солонготой хамтран бүтээсэн “Оосор бүчгүй орчлон” кино билээ. Зохиолч маань үүнийгээ “Равжаа хутагтын тухай дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэсэн бүтээл” гэж тодорхойлов. Амьдрал гэж юу болохыг уран бүтээлчээс сонирхвол “Үр хүүхдүүдийнхээ төлөө үхэн хатан зүтгэхийг л амьдрал гэдэг. Хүн зөв л амьдрах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зөв зүтгэх ёстой” хэмээв. Төрийн соёрхолт нэрт зохиолч маань төрөлхийн өөдрөг үзэлтэй бадрангуй хүн. Харин сүүлийн үед говь талын нутагт өрнөж буй уул уурхайн бүтээн байгуулалтын нөгөө талын сүүдрийн үр дагаварт тэр нутгийн байгаль, хүн ам хохирох ёсгүй гэж бухимдаж явах болжээ. Нохой, морь хоёр “астамтай” болоод хариаж чадахаа больсон газар хүн тэснэ гэж үү хэмээн дээд дарга нарт хуурай агсам тавьмаар санагддаг гэж байна. Гэхдээ чонон хийморьтой, эрхт тэнгэрээс хүч энерги авдаг монголчуудынхаа хувь заяанд итгэж, залбирч явдаг гэв ээ.
Дажсүрэнгийн Лхагвадорж
5 сэтгэгдэл
онлайн казино с депозитом
https://remvend-cafe.ru/igri-besplatno/igri-kazino-avtomati-besplatno-bez-registratsii.html
Откройте для себя топовые онлайн казино с невероятными бонусами и крупными выигрышами!
Популярные онлайн казино
Популярные онлайн казино
Откройте для себя топовые онлайн казино с невероятными бонусами и крупными выигрышами!
Лучшие онлайн казино
Казино онлайн