АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсныг тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн мэдээлснийг хүргэж байна.
“CBS News” суваг уг явдлыг сонгуулийн өдөр болохоос хэдхэн долоо хоногийн өмнө хийсэн “дэлхийг донсолгосон” мэдэгдэл боллоо хэмээн тодорхойлжээ.
“New York Times” сонины хувьд Ерөнхийлөгч Америкийн 207 мянга гаруй иргэний амийг авч одсон халдварын тархалтад олон сарын турш тоомжиргүй хандсаны эцэст шинжилгээний хариу нь ийм гарлаа хэмээн бичжээ. Мөн уг явдал Д.Трампыг дахин сонгогдох кампанит ажилд саад учруулж болзошгүй гэв.
“Хэдийгээр өдгөө 74 настай Д.Трампт халдварын шинж тэмдэг илрээгүй байсан ч кампанит ажлаасаа холдож, Цагаан ордонд тодорхойгүй хугацаагаар тусгаарлагдах шаардлагатай боллоо. Хэрэв түүний бие чилээрхвэл нэр нь саналын хуудсан дээр байх эсэх асуудал урган гарч болзошгүй” гэж уг сонинд бичжээ.
“Fox News” суваг эх сурвалжуудын мэдээллийг иш татан, Д.Трамп, тэргүүн хатагтай нарын биеийн байдал сайн байгаа бөгөөд Цагаан ордонд тусгаарлагдаад байна гэж мэдээлжээ. “Тэдэнд халдварын ямар ч шинж тэмдэг илрээгүй гэж эх сурвалжууд мэдэгдсэн” гэж уг сувгийн анагаахын мэргэжилтэн Марк Сиегел мэдээлсэн байна.
“Wall Street Journal” сонины хувьд АНУ-ын хөрөнгийн биржүүдийн индекс унасныг онцлоод, шинжилгээний хариу “АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа хэзээнээс хэвийн үргэлжлэх вэ?” гэх мэт тодорхойгүй байдлыг бий болголоо хэмээн нийтэлжээ.
“Washington Post” сонин энэхүү нөхцөл байдлын талаарх шинэ мэдээг үнэгүй уншихыг ард иргэдэд санал болгохоо мэдээлжээ. Мөн дэлхий дахин уг мэдээллийг хэрхэн хүлээж авсан талаарх нийтлэлдээ, Д.Трамп халдварын тархалтыг хязгаарлах чиглэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийнхээ улмаас гадаадын шүүмжлэлд өртөж байсныг тэмдэглэжээ.
“Politico” цахим хуудас Д.Трампыг коронавирусийн халдвар авсан хамгийн нэр нөлөө бүхий өвчтөн хэмээн тодорхойлжээ. “Ерөнхийлөгчид пүрэв гаргийн байдлаар халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна” гэж “Politico” уг мэдээлэлд ойр эх сурвалжийн мэдээлснийг иш татан уламжилжээ. Мөн дэд Ерөнхийлөгч Майк Пенс зарим ажил хэрэгт оролцох шаардлага үүсэж магадгүй гэж мэдээлсэн байна гэж МОНЦАМЭ мэдээллээ.