УИХ-ын Төсвийн байнгын хороо, Дэлхийн банк хамтран “ Монгол Улс-Уул уурхай ба оюун ухаан” хэлэлцүүлгийг өнөөдөр /2020.10.06/ зохион байгуулллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Д.Сарангэрэл, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Ч.Ундрам, Дэлхийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Хэлэлцүүлгийг нээж Дэлхийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев үг хэлсэн юм. Үүний дараа Дэлхийн Банкны ахлах эдийн засагч Жийн Паскаль Нгану илтгэл тавилаа. Тэрбээр итгэлдээ уул уурхайн Монголын өнөөдөр бол харин ирээдүй нь оюун ухаан- хүмүүн капитал байх учиртай. Уул уурхайгаас оюун ухаанд чиглэх бүтцийн өөрчлөлтийг 3 зорилтоор тодорхойллоо.
- Тогтвортой байдлыг чухалчлах
- Бүтээмжийг өсөлтийг тэтгэх
- Хүний болон институцийн хөгжилд чиглэх зэрэг гэдгийг илтгэлдээ онцоллоо.
Хэлэлцүүлэгт оролцогчид Монголын эдийн засгийн өнөөгийн төлвийг уул уурхайн салбар тодорхойлж байгаа ч цаашид энэ хэвээр удаан үргэлжлэх боломжгүй болж байна. Монгол Улс оюун ухаан буюу хүний болон институцийн потенциаллаа дутуу ашиглаж байгаа талаар ярилцаж, цаашид макро эдийн засгийн хэрхэн тогтворжуулах, бүтээмжийн өсөлтийг хэрхэн тэтгэх, хүмүүн капиталаа үр ашигтай ашиглахын тулд юу хийх шаардлагатай зэргийг хөндөж байлаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Хэлэлцүүлэгт оролцогч Та бүхэнд өглөөний мэнд хүргэе.
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Дэлхийн банктай хамтран байгалийн баялгийн өгөөжийг институт болон хүний хөгжилд чиглүүлэх асуудлаар зохион байгуулж байгаа хэлэлцүүлэг нь Улсын Их Хурал энэ намрын чуулганаараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг органик хуулиудаар баталгаажуулах зорилгоор Ашигт малтмалын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай зэрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, Төрийн нийтийн өмчийн тухай, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуулиудыг шинээр батлан мөрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаатай нийцэж байна. Эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэн батлахад энэхүү хэлэлцүүлгийн үед гарсан санал, томъёолол нэн чухал болохыг цохон тэмдэглэж байна.
Улс орнуудын эдийн засгийн байдлын талаар саяхан Дэлхийн банк тайлангаа танилцуулсан. Энэ тайланд манай улсын эдийн засгийн хөгжилд дараах 3 гол бэрхшээл байгааг онцолжээ: 1-д Эдийн засгийн богино давтамжтай, өндөр хэлбэлзлэл, 2-т бүтээмжийн сул байдал, 3-т байгалийн баялаг дээр хэт түшиглэж, харин оюун ухаан буюу хүний болон институцийн хөгжлийг сайжруулах тал дээр дутуу анхаарч байгаа гэсэн дүгнэлт гарчээ. Энэхүү 3 үндсэн бэрхшээл нь өрх гэр, иргэдийн орлого, улмаар тэдгээрийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа ба цаашид дээрх гол асуудлуудыг сайтар анхаарахыг зөвлөжээ. Энэхүү тайлан нь ерөнхийдөө бодлого боловсруулагчдын зүгээс эдийн засгийн хэлбэлзлийг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг төрөлжүүлэх замаар эдийн засгаа өндөр орлоготой ангилалд шилжүүлэхэд чиглэсэн бодлогын зорилттой нийцэж байгааг тэмдэглэж байна.
Энэ онд баталсан “Алсын хараа 2050” бодлого, саяхан батлагдсан Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөө, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэгт дэвшүүлсэн зорилтууд нь хүн төвтэй хөгжлийн загвар болон засаглалыг сайжруулахад голлон чиглэж байгаа болно. Ялангуяа, хүний хөгжил, эдийн засгийн бодлогыг уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтцийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэхэд эн тэргүүнд анхаарах, түүнчлэн “Цахим Монгол” төрийн цахим үйлчилгээ, мэргэшсэн, хариуцлага, сахилгатай төрийн алба, шүүх хуулийн засаглалын шинэчлэл, ногоон хөгжил хийгээд орон нутгийн хөгжлийн асуудлуудыг онцгойлон анхаарч тусгасан.
Улсын Их Хурал баталсан эрх зүйн орчны хүрээнд Засгийн газар, Монголбанкнаас сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн санхүү, эдийн засгийн менежментийн үр дүнд эдийн засаг сэргэж, улсын төсөв 2 жил дараалан ашигтай гарч, Засгийн газрын өр ДНБ-нд эзлэх хувь буурч байна. Мөн гадаад валютын нөөц 2016 онтой харьцуулахад 3 дахин нэмэгдсэнийг та бүхэн мэдэж байгаа. Төсвийн тусгай шаардлагуудыг хангуулах зорилгоор Улсын Их Хурлаас Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулан ажиллуулж байгаа нь ч зохих ёсоор эерэг нөлөө үзүүлж байна. Засгийн газрын өр тогтвортой буурч байна. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах, макро эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлэх нь чухал. Сүүлийн жишээг дурдахад Монгол Улсын Засгийн газраас олон улсын зах зээл дээр Nomad нэртэй бондыг амжилттай гаргалаа. Захиалгын хэмжээ 2.5 дахин өссөн байсан. Энэ 2017 оноос хойш хэрэгжүүлсэн макро эдийн засгийн зөв бодлогын үр дүн төдийгүй, Монгол Улсын ирээдүйг дэлхий нийт өөдрөгөөр харж байгаагийн тод илрэл гэж үзэж байна.
Хүчирхэг эрүүл банкны тогтолцоо Монгол Улсын ирээдүйн хөгжилд нэн чухал үүрэгтэй. Дэлхийн банкны судалгаа тайланд дурдсанчлан бизнес эрхлэгчдийн хамгийн гол бэрхшээлүүдийн нэг нь санхүүгийн хүртээмжийн асуудал. Тэр дундаа хүү хэт өндөр, санхүүгийн хүртээмж муу байгаа нь Монгол Улсад бизнес эрхлэхэд учирч байгаа гол бэрхшээл. Иймээс банкны засаглалыг сайжруулах, банкны салбарын дунд хугацааны шинэчлэл хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь банкны салбарын томоохон реформ гэж үзэж УИХ-аас тогтоол баталсан. Түүнчлэн Монголбанкны чадавхийг сайжруулах, зээлийн хүүг бууруулах стратегийг бизнес эрхлэгчдийн санал, Дэлхийн банкны судалгаан дээр үндэслэн хэрэгжүүлж байна.
Улсын Их Хурал санхүү, эдийн засгийн бэрхшээлийг нь гэтлэн давах зорилгоор ирэх 4 жилд зээлийн хүүг зах зээлийн зарчимд үндэслэн жил бүр 1-ээс доошгүй хувиар шат дараатайгаар бууруулах стратеги баталж, хувийн сектор, иргэн, аж ахуйн нэгжүүдийг дэмжихээр ажиллаж байна. Энэ асуудал нь олон нийт, хувийн сектор болон бусад нийгмийн бүлгүүд, тэр дундаа банкны салбарын зүгээс дэмжлэг авч байгаа болно. Хүчирхэг, эрүүл банк, санхүүгийн зохицуулалтын систем бол монгол орны хөгжилд нэн чухал үүрэгтэй бөгөөд энэ салбаруудын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, цаашдын шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэхэд УИХ төдийгүй, эдгээр салбаруудын удирдлага анхаарал төвлөрөх ёстой.
Дэлхийн банкны 2020 онд гаргасан “Бизнес эрхлэхүй” индексээр Монгол Улс 190 орноос 81-д, Transparency International байгууллагаас хамгийн сүүлд гаргасан Авлигын мэдрэмжийн индексээр 180 орноос 93-д орж байгаа. Эдгээр индекс нь тодорхой ахиц ололтыг харуулж байгаа боловч бизнесийг өргөжүүлэхэд зохицуулалтын томоохон саад бэрхшээл учирч байгааг сануулж байна. Нэг талаас мэдлэг, ур чадвар бүхий ажиллагсад, нөгөө талд чанартай, тогтвортой ажлын байр бий болгох замаар бизнесийн таатай орчин бүрдүүлэх, бизнес эрхлэх боломжийг хялбарчлах, өрсөлдөөнийг дэмжих шаардлага тулгарч байгаа. Энэ чиглэлээр Улсын Их Хурал Инноваци, цахим бодлогын, Үйлдвэржилтийн байнгын хороод байгуулсан нь үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна.
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, төрийн албыг ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай, үр нөлөөтэй болгоход УИХ анхаарч, өөрийн бүтэцдээ бие даасан байнгын хороо байгуулан, Авилгатай тэмцэх газар, Төрийн албаны Зөвлөлд бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Улсын хөгжил хүнээс, чухамдаа хүний хөгжлөөс хамаарна. Хүний хөгжлийн үндэс нь боловсролын шинэчлэл билээ. Иймд боловсролын шинэчлэлийн асуудалд Улсын Их Хурал анхаарч ажиллаж байна. Бидний өмнө тулгамдсан, шийдвэрлэвэл зохих, цэгцлэх олон асуудал бий. Үүнийг ганц нэгээр нь бус агуулгаар нь, стратегитэйгээр, системтэй цогцоор авч хэрэгжүүлэхийг зорьж байна. “Монгол Улс-Уул уурхай ба оюун ухаан: Байгалийн баялгийн өгөөжийг институц болон хүний хөгжилд чиглүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчдод амжилт хүсье.