Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хийсэн мэдээлэлдээ “2020 оны 11 дүгээр сарын 4-ний 11 цагийн байдлаар нийт 12 тохиолдол илэрлээ. Үүнээс Улаанбаатар хотод долоон хүнээс халдвар илэрсэн. Уг тохиолдлын тав нь нийслэлд голомтлон гарч буй халдварын голомттой холбоотой бол хоёр нь ХӨСҮТ-ийн ариутгагчаас илэрсэн юм. Харин Сэлэнгэд дөрвөн, Дархан-Уул аймагт нэг тохиолдол бүртгэгдсэн бол Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд шинэ тохиолдол илрээгүй” гэлээ. Ийнхүү өнөөдрийн байдлаар, манай улсад COVID-19 халдварын тохиолдол 831 болж, 365 хүн эдгэрчээ.