(Эсээ хөрөг-Сэтгэлийн зул)
- ЭХЛЭЛ.Өгүүлэх нь: 1948 он. Монгол тооллын 17-р жарны шар шороон хулгана жил. Энэ жил даян дэлхийд хүн төрөлхтний хөгжил болон Монгол орны түүхэнд жинтэй хувь оруулсан онцгой жилүүдийн нэг байлаа.
Өгүүлбээс: Энэ жилд БНАСАУ байгуулагдаж, Ким Ир Сен удирдагч болов. Энэ жил Ази-Европын зааг орчимд Израиль улсыг шинээр байгуулж тунхагласан жил байлаа.
Энэ жил суут сэтгэгч К.Маркс, Ф.Энгельс нар “Эвхамтнамынтунхаг” хэмээх зохиолоо хэвлүүлсний 100 жилийн ой байлаа. Энэ жил Америкийн Калифорнид алтны уурхайнуудыг нээж “алтны халуурал” эхэлснээс хойш 100 жил өнгөрсөн байлаа.
Харин Монгол орны хувьд
Мандухай цэцэн хатан төрсний 500 жил (1448 онд)
Дарайсүн Гүдэн Монголын хаан болсны 400 жил (1548 онд)
Даргасан Гүдэн тод үсэг зохиосны 300 жил (1648 онд)
Сумба хамба Ишбалжир “Энэтхэг, Хятад, Төвд Монгол оронд бурхны шашин дэлгэрсний түүх” хэмээх зохиолоо бичсэний 200 жил (1748 онд)
……………………………………………100 жил (1848 онд)-ийн ойнууд тохиосон түүхэн зуун, зуун жилүүдийн цуваа үргэлжилж байв.
1948 онд жанжин Д.Сүхбаатарын музейг байгуулж, төв талбайд хөшөөг нь босгосон, Элдэв-Очирын нэрэмжит кинотеатр, Дорнод аймгийн хөгжлийн драмын театр, бас Чойжин ламын сүм музейг нээсэн. УААА-ын боловсон хүчнийг бэлтгэх аж үйлдвэрийн техникум байгуулсан зэрэг соёл урлагийн бүтээн байгуулалтын он жилүүд байжээ. Мөн Монгол орны түүхэнд, улс төрийн хувьд Гоминданы цэргүүд Османтай нийлж, Их хавтаг, Байтаг богд, Бүдүүн Харгайтын чиглэлээр байнга довтолж Монголын хилчидтэй тулалдаж байв.
Бас ӨМӨЗО-ын засгийн шийдвэрээр, Хүлүн нуурын өөртөө засах мужийг татан буулгаж, Өвөр Монгол нь Хүлүн буйр, Ноон (Нун) мөрөн, Хянган, Шилийн гол, Чахар зэрэг 5 аймагтай 500000 кв.км нутагтай болж тогтносон түүхэн он жил байжихуй.
Энэхүү түүхэн он жил буюу 1948 онд Булган аймгийн Гурванбулаг сумын нутаг, “Хурлын дэнж”буюу “Хавцлынухаахудаг” хэмээх газар ард Дамбийн гэрт нэгэн хөвгүүн эхийн хэвлийгээс тасарч эх дэлхийд мэндэлсэн нь Санжаадорж гэдэг нэгэн бодгаль эр билээ.
- ГЕОЛОГИЧИЙН ЗАМ ОРШВОЙ. Өгүүлэх нь: Тэр төрснөөс хойш эцэг эхийн хайр энхрийлэлд өсч сургуульд оров. Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн нэгэн ярилцлагынхаа үед “Би сургуульд орохдоо эхийнхээ мөөмнөөс гараагүй байсан. Анхны хичээлд орохдоо ээжийнхээ мөөмийг нэг шов хийлгээд л хичээлдээ орж байлаа” хэмээснийг сонссонсон.
Харин Санжаадоржийн өгүүлрүүн: “Би 12 нас хүртлээ ээжийнхээ өвөрт унтсан хүн шүү дээ. Ээж минь надаас “Ээждээ хайртай юу” гэхэд хайртай л гэнэ. “Ямар хайртай” гэж лавлана. Эхлээд хацар, дух, толгой хавьцаа заахад “Өө тийм бага гэж үү” гээд чамлангуй байхаар нь аав шиг, ах шиг, жаал шиг гэсээр сүүлдээ гэр орныхоо зүйрлэн хэлэх зүйлээ дуусгаад эцэст нь Хайрхан (Авзага), Баяндүүрэх, Бэрхийн нуруу (Их, дунд, бага) бүр цаашлаад тэнгэр газар гэж байж санаа амардаг байж билээ. Одоо бодоход бүр цаашилсан бол нар, сар, Сугар, Ангараг гэх байсан байх л даа” хэмээн нүдэндээ нулимс чийгтүүлэн дурсаж суусан сан.
Өгүүлэх нь: Түүний ээждээ хайртайгаа илэрхийлэхэд юм бүхэн л чамлалтай байсан ажээ.Тэд ан гөрөө хийж, амьтан хороохыг цээрлэдэг төдийгүй алхаж гишгэхдээ юу ч хөндөж байгаагаа мэдэхгүй ч ялааг ч болов гэртээ л ороогүй бол алахыг нүглийн тоонд оруулдаг байсан бөлгөө. Ийнхүү ижийдээ дэндүү гэмээр ойрхон өссөн эрчүүд энэрэнгүй сайхан хүмүүс болж өсч өндийх төдийгүй эрт гэгээрэн боловсорч, гэрэлт замын мөрийг олдог болой хэмээн бодном.Ижийнхээ мөөмийг 8 нас хүртлээ хөхсөн айлын ганц хүү их найрагч, ижийнхээ өвөрт 12 нас хүртлээ угтсан айлын отгон хүү геологич хоёрын эр биеийн хөгжил, эзэмшсэн мэргэжил хийж бүтээсэн нь өөр өөр боловч тэнгэрлэг гэгээн хүсэл тэмүүлэл, ургуулан бодох, урлан бүтээх, ухаарал гэгээрлийн түмэн хэлхээ, энэрэнгүй цагаан сэтгэл, нийгмийн төлөө эр зориг бүхэн нь даанч адилхан ажгуу. Ижийгийн сүүн цагаан энгэрт бурхан агуулагддаг гэдэгт итгэхгүй байхын аргагүй.
Д.Санжаадорж өгүүлрүүн:“1957 онд манайхан гэр бүлээрээ УБ хотод шилжсэн тул 18-р сургуульд орж, суралцаж байх дор ээж маань “Намын дээд” сургуульд цэвэрлэгч хийж, би ээжийгээ дагаж очоод, тэр сургуулийн актлан хаяж байгаа ном зохиолыг олж уншина. Энэ үед би нөхдийнхээ хамт “сурагч” радио станц ажиллуулж шүлэг найраглал зохиох, хамтын сонин гаргах их ажилтай байлаа. Хөдөө байхад унших ном олдохгүй байсан бол энд унших ном нь ихдээд уншиж ч бардаггүй байлаа. Тэгэхэд, би Ч.Лодойдамбын “Алтайд” романыг хэд дахин уншиж, геологи, палеонтологи, археологи, газар зүй гээд ерөнхийд төсөөлдөг болчихсон байв. 18-р сургуулийн 10-р ангийг төгсөөд мэргэжил сонгох болоход миний геологич болох санаа сэдэл дийлж, МУИС-ийн Байгалийн ухааны факультетийн геологийн ангид орсон доо. Эхний үед жилийн хичээл нилээд хүнд байсан тэр үед “дийлэхгүй бол хүрээд ир, энд утга зохиол, хэвлэлийн ажил байна” гэж “Найрамдлын Дархан” сонины газраас дуудан байж билээ” гэж ярьсан нь бий.
Өгүүлэх нь: Хүнийг авьяас билэг гэгч тэр болгон бусдад харагдаад мэдрэгдээд байдаггүй болохоос биш хүмүүн заяанд төрсөн бодгаль бүхэнд байдаг л зүйл гэж би сананам. Хүмүүн авьяас билгээ тордож, хөгжүүлж баймаажнь өөртөө ч, өрөөл бусдад ч, нийгэм олондоо ч хүртээмжтэй ашигтай үйлсийг бүтээдэг. Авьяас билэг нуугдмал байдаг болохоор түүнийгээ олох гэдэг амаргүй сорилт байх. Авьяас билэг гээч төрөлхийн, бас олдмол ч байх нь бий. Төрөлхийн авьяас бол хэн ч нуугаад хаагаад боогоод байж чадахгүй, өөрөө оргилоод гараад ирдэг булаг мэт аж.
Д.Санжаадорж оюутан цагийн ангийн анд нөхөр, хожим доктор профессор болсон. Ш.Батжаргалын тухай бахархан дурсахдаа:
“Ш.Батжаргал биднийг анх танилцан байхад үерхэж эхлэх үед философи, утга зохиол, уран зохиол тэр дундаа яруу найрагт илүүтэй ойр байсан. Орос хэлний мэдлэгээр манай ангид толгой цохидог. Эрдэм боловсролтой ах дүүсийн ачаар тэр үед хэвлэгдэж байсан дэлхий шидээвэр уран зохиолын 100 ботийг захиалж уншдаг байлаа. Их ч уншиж, их ч бичиж байсан. Зохиолчдын хороон дээр ахмад нэртэй зохиолч, яруу найрагч нар эхлэн бичигдсийн бүтээлийг сонсч зөвлөгөө өгдөг 7 хоногийн арга хэмжээ болдог байсан юм. Ийм нэг уулзалт дээр Батжаргал маань шүлэг уншсаныг санаж байна. Дайн, энхийн сэдэвтэй бил үү, зарим нь магтаж, зарим нь шүүмжилж билээ“ хэмээсэн нь бий. Тэгэхээр Д.Санжаадорж мөн л зохиолчдын хороон дээр болдог эхлэн бичигчдийн бүтээлээ уншдаг уулзалтад өөрийнхөө бүтээлийг уншиж байсан нь тодорхой. Харин энэ тухай ганц үг ган хийхгүй мөртөө, зөвхөн нөхрийнхөө тухай л халуун дотно дурсамжаа дурайтал өгүүлсэн нь энэ. Түүний нийтлэл бичих, орчуулга хийх, төрөлхийн авьяас билэг нь тэндээс л эх булаг болон оргилсон нь хэн ч маргашгүй үнэн болой.
Д.Санжаадорж өгүүлрүүн:“1970 онд МУИС-ийн геологийн салбарыг төгсөөд хотод үлдэх(тэр үед сургууль төгсөөд хотод үлдэх нь хамгийн дээд хувь заяа гэж үздэг байв) боломж байсан ч хувь заяаны зүү Дорноговийг зааж, Чойрын геологийн удирдах газрын хээрийн ангид хуваарилагдсан. Булган Хангай нутгийн хөвгүүн миний хувьд говь нутагт ажиллах заяа төөрөг тохиосон нь ихэд оносон үйл, завшаан байсан бөгөөд чухам л ингэснээр би эх орноо илүү өргөн сайн ойлгож мэдрэхэд түлхэц болсон төдийгүй, эх дэлхийгээ ч арай өргөн цар хүрээтэй ухаарах эхлэл тавигдсан даа хэмээжихүй.
Өгүүлбээс: Үнэхээр Говь гэдэг хангайн хүү Санжаадоржийн хувьд, зун нь +35-50° халуун, өвөл нь мөн л -20-30 хүйтэн нөхцөлөөс гадна, халуун салхи, шороон шуурга зэрэг говийн араншин мөрөөдлийн гэхээр орон зай биш байв. Гэсэн ч говь урт намартай, хүмүүс нь сайхан сэтгэлтэй, геологийн тогтоц, чулуулаг зэрэг нь геологич хүний нүдэн дээр ил тод, бас өөрийн гэсэн онцлогтой. Байгаль нь өвөрмөц хэлбэр дүрс бүхий хадан цохио, элсэн манхан, баянбүрд, хайлаас, тоорой, төгөл, булаг, шанд, ховор амьтад… хамгийн гол нь говийн геологийн тогтоц, структур-тектоникийн бүтэц, олон төрлийн чулуулаг, тэдний найрлага, харилцан холбоо, нас сүүдэр агуулсан ашигт малтмал тэдгээрийн зүй тогтол зэрэг нь онцгой бөлгөө.
Өнөөгийн асуудлын гол цөм болсон объектууд болох Баянхошуу, Мандах, Манлай, Шүтээн, Нарийн худаг, Хөнгөөт, Цагаан суварга, Хармагтай, Оюут улаан, Оюу толгой зэрэг зэсийн болон алт, зэсийн томоохон орд илрэлүүдийг багтаасан металлогены агуу их бүс нутагт өөрийнхөө оюуныг сорих хувь заяа ноогдсон хэрэг байлаа.
Тэр 10 шахам жил говьд ажиллан өөрийнх нь хэлдгээр “гүрвэл” болсон боловч хийсэн юмтай, хэлэх үгтэй, гэр бүлтэй бас гайгүй сонирхолтой тодорхой зорилготой, ажилтай, амьдралтай, геологийн бас нэг хээрийн судалгааны их сургууль дүүргэсэн алтан үе нь байжээ.
Д.Санжаадорж тэр говьд эхэлсэн 1:200000-ны масштабын геологийн зураглалын ажлын төслийн удирдагч В.И.Гольденберг, төв Азийн болон Монголын геологийн судлаачид Л.П.Зоненшайн, И.Б.Филиппова, М.Дуранте, О.Д.Суетенко зэрэг зөвлөлтийн олон эрдэмтэдтэй хамтран зүтгэгчид, найз нөхөд байлаа. Тэд Д.Санжаадоржийг “диссертацаа бич” гэж шахна. Бас Буриад мэргэжилтэн Ламатханов найз нь ч эрдмийн зэрэг горилох тухайд шахсаар л байв.
Энэ бүхэн Санжааг маань бусдаас ялгарах онцлогтойг зөвлөлт нөхөд нь мэдэрч, тэдэнд үнэнхүү тоогдож байсныг илтгэх ажгуу. Геологич хүн эрдмийн зэрэг горилсон зохиолоо гараараа биш, хөлөөрөө бичдэг гэсэн үг чамирхал ч юмуу цэцэрхэл биш ажээ. 1979 оны 4-р сараас Геологи уул уурхайн яамнаас түүнийг дуудаж зураглалын ажил хариуцсан мэргэжилтнээр тохоон томилов. Тэр үед яамны хэмжээгээр зураглалын чиглэлийн 10 том анги ажиллаж байв. Төдий удалгүй хариуцсан хэлтсийн дарга Л.Мягмар нь өөр ажилд шилжсэнээр хэлтсийн даргын ажлыг давхар хүлээн авчээ.
Ийнхүү хээрийн геологичоос төр захиргааны ажилд шилжсэн нь зураглалын чиглэлтэй “Хангай” хэмээх томоохон төслийн зохицуулагчаар ажиллаж, Хангай дүүргийн геологийн тогтцоор судалгаа шинжилгээний ажил хийх гэж байсан санаагаа хойш нь тавихаас өөр аргагүй нүсэр ачаалалд автсан бөлгөө.
Тэр өндрөөс өндөр даваа өөд өгсөж байлаа. Түүнд итгэл, хариуцлага хүлээлгэсний учир эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яам болон хүнд үйлдвэрийн яаманд ерөнхий геологич, газар хэлтсийн дарга, засгийн газрын улсын геологийн төвийн дарга зэрэг төр захиргааны ажилд зүтгэсээр байлаа. Энэ үед Зөвлөлтөд “Перестройка” буюу өөрчлөн байгуулалт эхэлж, улмаар Монголд нөлөөлсний үр дүнд Хятад, Австрали, Япон, Франц, Америкийн гээд олон орны геологийн албаны төлөөлөгчид хүрэлцэн ирж хамтын ажиллагаа явуулах, шинэ арга аргачлал нэвтрүүлэх, өөрсдөө бас эдгээр орноор явж, геологийн албаны зохион байгуулалтыг судлах гээд ер нь гадаад харилцааг хөгжүүлэх болов. Энэ үед Японы хөрөнгө оруулалттай, “Уудам тал”, “Алтан тал” хэмээх геологийн тойм судалгааны төслүүдээс гадна НҮБ-ийн “Геомэдээллийн сан” хөтөлбөр хэрэгжихийн хамт “Спотимэйж”, “Еоsаt” гээд тандан судалгааны томоохон ажлуудыг эхлүүлэв. Ерөнхийдөө Монголын геологийг дэлхийн геологийн анхаарлын төвд авчрав.
1992 онд Геологи эрдэс баялгийн яам байгуулагдаж Д.Санжаадорж тэргүүн дэд сайдаар томилогдов. Тэрбээр хамгийн түрүүнд геологийн судалгааг зах зээлийн орнуудын жишгээр хийх нь зүйтэй гэж үзсэн цөөхөн хүний нэг байлаа. Энэ үед доктор Ж.Бямба яг ийм үзлээр асуудлыг шийдвэрлэхээр хөөцөлдөж улмаар тэдний зорилго нэгдсэн байв. Энэхүү том зорилгоо хэрэгжүүлж, тэр үеийн геологийн төв лаборатори, геологи-эрдэс баялгийн хүрээлэн, геологийн фонд, геологи-эрдэс баялгийн яам тэргүүтнийг нэгтгэсэн “Монголын геологийн алба”-ыг зохион байгуулсан бөгөөд доктор Ж.Бямбын санаачлагыг хэрэгжүүлэхэд Д.Санжаадоржийн оролцоо тэргүүн дэд сайдын хувьд шийдвэрлэх ач холбогдолтой байв.
Өнөөгийн зах зээлийн үед тохирсон “Монголын геологийн алба” байгуулагдаж, захирлаар нь Ж.Бямба ажиллаж эхэлсэн бөгөөд улмаар гадаад орнууд, тухайлбал Японы засгийн газраас “Монголынгеологийналба” гэсэн төсөл хэрэгжүүлж эхлэв.
Гэтэл тэднийг улс төрийн хад чулуутай халтиргаа ихтэй, нурвал хавцлын ёроолд унах, тэсвэл даваанд ойртох бартаатай өгсүүр зам угтаж байлаа. Геологийн тухай “А” ч үсэггүй, албан тушаал эрх мэдлийн төлөө ичгүүр сонжуургүй зүтгэгсэд, ухаангүй ноёдын улс төрийн санаархлаар дэлхийн улс орнуудын геологийн байгууллагуудын хир хэмжээнд тохирсон тийм загвараар зохион байгуулсан “Монголын геологийн алба”-ыг татан буулгах нь тэр. Тэд мориор бол, уралдааны түрүү магнайд цоллуулж байсан аргамаг хүлэг мэт Монголын геологийг эцэж турсан хөөрхий ясан хэдрэг мэт болгов. Улмаар Монголын геологийн салбарын мөхлийн эхлэл тавигдах нь тэр. Гэвч тэрээр эх орондоо геологийн судалгаа явуулж, төрөл бүрийн ашигт малтмалын орд нээн илрүүлж байгаа геологичидоо иргэний нийгмийхэн, лам хувраг, улс төрчдөөс олонтой өмөөрч, хамгаалж, бичиж байлаа. Энэ нь Д.Санжаадорж нарын гэгээрсэн бодгаль хүмүүсийн хувьд, дунд нь ажиллахад тэсэхүйеэ нэн бэрх болсон ажгуу.
Ухаант хүн урагш алхах зоримог бөгөөд бартаатай боловч чөлөөтэй замыг хайж, улмаар тэргүүн дэд сайдын албанаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч халагдсанаар хувийн хэвшилд хүчээ зорихоор шийдсэн бөлгөө. Энэ нь нөгөө талаараа уран бүтээл номын цагаан зам, эх орноо хайрлах, гэгээрэлд хөтөлсөн сүүн цагаан зам байлаа.
“Энэ хорвоо дээр хамгийн тогтвортой, бас аливаа хүчийг хамгийн ихээр чимдэг зүйл бол эх оронч үзэл юм” хэмээн нэгэн хүн хэлжээ. Хүнд зөв сэтгэхүй, зөв сэтгэл, зөв бодол санаа, зөв хүсэл, тэмүүлэл, энэрэнгүй сэтгэл, эх орон, ард түмнээ хайрлаж, ойлгох үзэлтэй байж тэр орших ажгуу. Д.Санжаадоржийн “Эх орон” хэмээх нэгэн номоос ишлэхүй дор, түүний эх оронч үзэл санаа шүлэг шиг сэтгэлд дотно, гал мэт дулаацуулах бөлгөө. Тэрээр
“Эх орон бол миний унасан газар угаасан ус юм.
Эх орон бол миний эцэг эх, өндөр дээдэс минь юм.
Эх орон бол миний очсон үзсэн уул толгод, тал юм.
Эх орон бол миний очсон үзсэн ус, гол, нуур, цөөрөм юм.
Эх орон бол миний шүтдэг уянга найраг, уран зураг юм.
Эх орон бол миний сэтгэлд хоногшсон дуу хөгжим юм.
Эх орон бол миний анд нөхөд, уулзаж учирсан зом олон юм.
Эх орон бол миний өнгөрүүлсэн амьдралын дуртгал намтар юм.
Эх орон бол миний амьдралын өчигдөр, өнөөдөр, маргааш өдөр юм” гэсэн буй.
Дэлхийн хөл бөмбөгийн цуутай аварга, Аргентины хөл бөмбөгч Д.Марадона “Бияс, мах, цусныхаажижигэд, эсбүхэндээтулталАргентинхүн, үхэхдээхүртэлзөвхөнэнд л үхнэ” хэмээсэн нь Санжаагийн минь хувьд зөвхөн Аргентин хэмээснийг Монгол гэж солиход л хангалттай бөлгөө. Тэр үнэхээрийн эх орны эх оронч хөвгүүн билээ.
Тэр Монголын геологийн хамгийн чухал бөгөөд тулгамдсан асуудлуудад анхаарлаа хандуулж, зүрх сэтгэлээ зориулж байлаа. Тухайлбал Монгол орны нутаг дэвсгэрт тогтоогдсон дэлхийн хэмжээний гайхамшигт тогтцуудын тухай, Монголит, амстронгит зэрэг шинээр нээгдсэн эрдсүүд бүхий Ханбогдын массивын тухай, дэлхийн хэмжээний фосфоритын нөөц бүхий Хөвсгөл, Бүрэнхааны ордуудын тухай, Дорноговьд орших Цэрдийн галавын настай Сүүхэнтийн чулуужсан модны ойн тухай, ерөөсөө дэлхийг бүрдүүлэгч чулуулгуудийн гайхамшгийн тухай, дэлхийд ховорхон говийн үлэг гүрвэл, түүний шинжлэх ухааны үнэт ач холбогдол, тархалт, хэтийн төлөвийн тухай, Монголын алмаз эрдсийн тухай, газрын тосны тухай, говь дахь газрын доорх их усны сав газрын тухай зэрэг шинжлэх ухаан болон танин мэдэхүйн олон сэдвээр түмэн олны анхаарлыг татсан нийтлэлүүдийг хөврүүлж байв.
Тэр 1998 он хүртэл “Өмнөд Монголын хувирлын бүстэй холбоотой алтны хүдрийн ордын эрлийн ажил” хэмээх төслийн ажил гүйцэтгэжээ. “М-Даймонд”, “Эрэл” зэрэг компаниудтай хамтран ажиллаж, Алтайн өвөр говийн Эхийн гол, Талын мэлтэсээс Ховдын Булган хүртэл геологийн аялал хийж, олон объектод эрэл шалгалтын ажил явуулж, холбогдох зөвлөмж бүхий тайлан боловсруулсан нь 1951 оны үед Зөвлөлтийн геологич В.М.Синицыний аялалаас хойш бараг ямар ч геологич туулаагүй онгон нутгийн судалгааны эхлэлийг тавьчихуй. Энэ үеэс эхлэн түүний мөрөөр Өвөр Алтайн говь нутгийг судлах, Монголын геологичдын анхаарлын төвд авчирсан шинэ зам нээгдсэн гэж болно.
Түүний эхлүүлсэн хувийн хэвшлийн байгууллагаар геологийн болон эрэл хайгуулын ажил, (“Жи Эс Жи” компани) болонтэрүеийн “Эх орон” намын удирдах зөвлөл дэх улс төрийн ажлын аль аль нь чамлалтай санагдаж, харин уран бүтээл хийх, орчуулга хийх, ном бүтээх хүсэл буюу өөр нэг гэгээрлийн зам дуудаж байлаа. Тэр 2002 оноос эхлэн геологичдын амьдралыг харуулсан уран зохиолын номын орчуулга, хөрөг, уран нийтлэл, баримтат кино бүтээх зэрэг өөрийн авьяас, хүсэл тэмүүлэлд нийцсэн өөр чиглэлд шуудран орсон юм. Тэр улмаар “Есөн эрдэнэ” хэмээх цуврал номын суварга бүтээх ажилдаа ч шуудран оров.
Тэрээр О.Куваевын “Аглаг” (территория) Е.Евтушенко, Е.Парнов, В.Осимов нарын “Улаан цонх” зэрэг Зөвлөлтийн геологичдын амьдралыг харуулсан романуудыг орчуулж, нийтийн хүртээл болгов. Мөн өөрийн хүсэл, сэтгэл сэтгэлгээ, бодол, дуудлага болсон “Эх орон”, “Уул усны хүү Б.Гүрлхаажав”,“Мянганы босго алхсан Монгол геологичид”зэрэгномуудаатуурвив. Тэрчлэн 1979 оноосэхлэнМонголынгеологийнсалбархөгжсөний 50, 60, 70, 80 жилийнойдзориулсан “Алхан дуун”, “Монголын чулуун шашдир”, ”Бөмбөрцгийн бөөрөн дээрх Монгол орон” гэсэн баримтат кино зохиолууд бичиж, түмэн олонд геологийн салбарыг сурталчилсан гавьяатай нэгэн болой.
Д.Санжаадорж өгүүлрүүн:“Авьяас билэг гэдэг бол хүн бүтээсэн бурхны хишиг, харин хувь хүн түүнээс хэр зэргийг хутгаж авах нь өөр хэрэг. Өөрөөр хэлбэл авьяас билэггүй хүн гэж угаас байхгүй гэж хэлэх гээд байна. Гэтэл би авьяас билгийн богцондоо арвихан юм хийж, түүнийгээ буйлуулж чадаагүй болохоор хэлэх юм алга. Хэдэн ном орчуулсан, хэвлүүлсэн. Харин олигтой маркетинг хийж чадаагүй болохоор алдагдалд орж, хэвлүүлээгүй хэдэн номтой үлдээд байна. Нийгэм, улс төр, шинжлэх ухааны сэдэвтэй нийтлэл бичиж, орчуулж, хэвлүүлж байсан. Уншигчдад таалагдсан нь ч бий, уурыг нь хүргэсэн нь ч бий л байх”хэмээжихүй.
Өгүүлбээс: Бүх ертөнцийн юмс үзэгдлийн үүсэл, хөгжлийн зам нь арга билгийн харилцан зохицолдооноор бүтээгддэг хэмээн мэргэд сургажээ. Энэ нь хүний амьдралаас авахуулаад байгаль дэлхийд юмс үзэгдэлд хүртэл тод харагдах ажээ.
Үг хүртэл эр эмээрээ ялгагдана хэмээжихүй. Мөн голын ус, уулс хүртэл дотроо эр, эмээрээ ялгагддаг гэх, голын усны зарим нь оволзсон харгиат, ширүүн урсгалтай буюу эр чанарын зарим нь намуун, дөлгөөн буюу эм чанарын хэмээн тайлбарлах нь бий гэнэ.
Бас уулс ч гэсэн эр эмээрээ ялгарч, алс холоос бие биеэ харилцан, тэд нэг нэгэндээ дурлаж байдаг тухай олон домог яриа байдаг. Тухайлбал, Өмнөговийн Ноён-Сэврэй, Говь-Алтай, Ажбогд-Ээж хайрхан, Бурхан буудайн тухай домгууд яг л хүний амьдрал шиг яруухан бас гунигтайхан сонсогддог билээ.
Гэтэл дэлхий хэмжээнд ч бүр говь хангай гэхэд л бие биесээсээ ихээхэн хол зайд, байгалийн өвөрмөц, эрс тэс гойд өөр ертөнц эр эмийн зохицол мэт яруухан бөгөөд нэг нь байхгүйгээр нөгөө нь эс орших нигууртай арга билгийн зохицол мэт ажгуу.
Энэ тухай эс өгүүлэн өгүүлэх нь: Д.Санжаадорж 1970 онд МУИС төгсөөд Чойрын геологийн удирдах газарт томилогдох үед Чойрын геологийн ТМС-ийг холбоочин мэргэжлээр төгссөн Гэндэнжилийн Цэндсүрэн мөн л тэнд хуваарилагдан очих нь тэр. Цэндсүрэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын бүсгүй байлаа. Тэр говь нутгийн Монголдоо байтугай дэлхийд цуутай, “Оюу толгой” хэмээх зэс алтны том ордтой нутгийн бүсгүй. Харин Санжаадорж бол Булган аймгийн Хангай нутгийн мөн л зэс молибдены “Эрдэнэт” хэмээх томоохон ордтой, нутгийн хархүү Санжаадорж маань хошигнох дуртай төрөл зангаараа: “Бурхан хангай хүү намайг говьруу “цөлж”, эхнэр болох охиныг Ханбогдоос Чойрлуу авчирч учруулсан зарлигтай байж л дээ” хэмээжихүй.
Хангай-Говь, Гурванбулаг-Ханбогд, Эрдэнэт-Оюу толгой, геологич-холбоочин, Санжаадорж-Цэндсүрэн, хоёр хүү-хоёр охин, Арга билгийн зохицол ийм ажгуу.
“Монголын геологи” хэмээх цоо шинээр буй болсон шинжлэх ухааны салбар нь геологийн тогтоц, бүтэц, чулуулгийн шинж төлөв гарал үүсэл, харилцан холбоо, төрөл бүрийн ашигт малтмал, тэдгээрийн зүй тогтлыг судалдаг шинжлэх ухааны салбар үүсэн дэлхийн геологийн судалгааны нэгэн бүтэц бий болов. Д.Санжаадорж тэдгээрийг үүсгэн бий болгох нөр их хөдөлмөрт хүчээ зориулсан хүмүүсийн тухай бичиж үлдээх зорилгоор “Монголын геологийн 9-ийн клуб”-ыг байгуулж, улмаар “Монголын геологийн 9 эрхэм” нэртэй 4 цуврал бүтээлийг туурвиж эмхтгэсэн нь он жилүүд өнгөрөх тутам алтны энтэй үнэлэгдэх нь зүй болой.
Нэгэн дурсамж сөхөхүй: Урлагийн гавъяат зүтгэлтэн зураач Дунбүрээ бид 3 түүний төрсөн нутаг Гурванбулаг сумын нутаг, Авзага хайрхан, Бэрхийн нуруу, “Хурлын дэнж “хийгээд “Хавцлын ухаа”-д хэдэн өдөр хамтран аялахдаа мөн ч их хууч илж, яриа дэлгэсэн сэн дээ. Аяллын үр дүн болж, төрсөн нутаг төрөл төрөгсдийнхөө тухай “Мөөмөөгийнхэн” хэмээх нэгэн бэсрэг ном, “Авзага хайрхан” хэмээх уран зургийн бүтээл бүтээгдсэн бөлгөө.
3.ТӨГСГӨЛ. 2020 он 17-р жарны “Хөтөл төгс” хэмээх төмөр хулгана жил. Дэлхийн нийт ертөнц болон Монгол орны хувьд олны сэтгэл зүрхийг түгшээсэн аюулт халдварт өвчин тархаж, хөл хорио болж, эдийн засгийн хямрал нүүрлэж, хүмүүний явдал суудлыг хязгаарласан хэцүүхэн он цаг байлаа.
Санжаа маань Би дэлхийн 5 тивийн 4-т нь хөл тавьжээ. Амьдралынхаа хань ижлийг ч говиос олсон. “Өвгөн болсон хойноо, миний шүтдэг нэгэн найрагчийн хэлснээр “Үүлгэр цагаан сарны дор, өвгөн шувуу шиг сууж, өнгөрсөн одоог эргэцүүлэх баялаг дурдатгалтай болжээ.Анхны үр хүүхэд төрөхөд нэг их баяртай ч түгшүүртэй ч юм шиг сэтгэл төрдөг юм билээ. Нартаас одлоо гэхэд надаар овоглох 4 хүүхэд (2 хүү, 2 охин), ач, зээ нар минь байна гэдэг бас их завшаан юм даа” хэмээн өгүүлсэн бөлгөө.
Авьяас билэг, ариун сэтгэл, алсын сэтгэлгээ, даруухан намбалагзан ааш нь алт лугаа гялалзан байх анд нөхрийн минь гэгээрлийн зүг тэмүүлсэн геологич хүний балрашгүй мөр нь тод зам болон зурайнам. Ум сайн амгалан болтугай.
Анд нөхөр ахмад геологич
Б.Банзрагч
Геологич дүү Я.Бат-Ирээдүй
1 сэтгэгдэл
yn183w