Өчигдөр орой 22 цагийн үед ЗТХЯ-ны гадаа хүн амины хэрэг гарсан. Эх сурвалжийн мэдээлснээр тус яамны Төрийн тусгай удирдлагын газрын дарга М Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г нар согтуугаар маргалдаж зодолдсоноос уг хэрэг гарсан гэнэ. Тэд албан өрөөндөө архи уусан байжээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, ахлах дэслэгч М.Мөнхшүр албан ёсны мэдээлэл хийв.
Тэрбээр “ЗТХЯ-ны гадаа хүн амьны хэрэг гарлаа гэсэн дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн бүрэлдэхүүн хэргийн газар дээр очиж үзлэг, шалгалт хийсэн. Улмаар ЗТХЯ-ны Төрийн тусгай удирдлагын газрын дарга М хувийн маргааны улмаас тус яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-гийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоон шалгаж байна’ гэлээ. Мөн “Албан тушаал булаалдсаны улмаас ийм хэрэг болсон гэдэг мэдээлэл нийгмийн сүлжээгээр тарсан. Үүнд одоогоор хариулт боломжгүй’ гэв.
А.Бат
.