Орон сууцны тоглоомын талбай дээр хүүхдүүд бужигнана. Сагс тоглож байгаа эрэгтэй хүүхдүүдийг эс тооцвол ихэнх нь амны хаалттай. Гэхдээ хараад байхад зүүсэн амны хаалт нь чанарын хувьд даанч шаардлага хангахгүй байна. 14 орчим насны хүүгийн зүүсэн маск нь хиртэж, сэмэрчээ.
Нэг удаагийн амны хаалтыг хоёр цаг тутамд сольж байх ёстой. Өөрөөр хэлбэл, хугацаа нь хэтэрвэл ямар ч нэмэргүй зүгээр л хэрэглэсэн салфетка болж хувирдаг. Тийм маск вирусээс хамгаалах ямар ч боломжгүй шүү дээ.
Монголчуудын хувьд хүн харахад амны хаалт зүүсэн дүр л эсгэж байвал чанарт нь огт анхаарахгүй байна. Олон нийтийн газар, нийтийн тээвэрт явж байгаад ханиаж найтахад нөгөө “насжилт” нь хэтэрсэн маск шүлс, нусыг тогтоож дийлэхгүй нь даанч ойлгомжтой. Гудамжнаас, эсвэл тааралдсан эмийн сангаас 500 төгрөгөөр нэг удаагийн маск худалдаж авсан л бол хэдэн өдөр ч хамаагүй зүүж байгаа хүмүүс маш олон байгаа нь дэндүү харамсалтай. Маск зүүх нэг хэрэг. Ямар маск зүүх ёстой вэ гэдэг өөр асуудал! Вирусын тархалтын нэгэн шалтгаан нь чанаргүй маск болоод байгааг анхаарах цаг болжээ!
Д.Дорж