Өчигдөр 21:08 цагт хөдөлсөн Улаанбаатар-Сайншандын чиглэлийн суудлын галт тэрэг Дорноговь аймгийн Айраг сумын нутагт осолдсон талаар хэвлэлүүд цаг тухай бүрт нь мэдээлсэн. Уг ослоос болж 10-аад хүн хүнд, хөнгөн гэмтэж бэртсэн юм. Сайд Ж.Бат-Эрдэнэ болон бусад холбогдох хүмүүс ослын газар дээр очиж нөхцөл байдалтай танилцсан. Улмаар “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг зорчигчдоос уучлалт гуйж, асуудалд тэвчээртэй хандахыг хүссэн. Үерийн уснаас болж төмөр замд эвдрэл үүссэн нь ослын шалтгаан болсон гэж албаныхан тайлбарласан ч салбарын яамыг хариуцлага хүлээх хэрэгтэй хэмээн цөөнгүй иргэн шаардаж байгаа.
Ойр ойрхон болсон нэн таагүй хэргүүд тус яамны ажлын хариуцлага, нэр хүндтэй холбогдож байгаа юм. Юутай ч Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өөрийн твиттер хуудсаараа дамжуулан огцрохоо илэрхийллээ. “Сайдын ажлаа өгье. Ёс зүйн хариуцлага хүлээе” хэмээн өнөөдөр мэдэгдлээ. Түүний араас дэд сайд Б.Цогтгэрэл ч сайн дураараа огцрох хүсэлтээ гаргалаа.
Тус яамны хоёр албан тушаалтан архидан согтуурч нэгнийхээ аминд хүрсэн болон ээлж дараалан гарч байгаа зам тээврийн ослууд нь Засгийн газраас бүх шатанд сахилга хариуцлага, ёс зүйг сайжруулна гэж байгаа үетэй давхацсан болоод ч тэрүү Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зам тээвэр, хөгжлийн сайд, дэд сайдад шахалт үзүүлсэнийг үгүйсгэхгүй.
С.Батболд