Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх өнөөдөр /2021.05.30/ Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Нэр дэвшигч У.Хүрэлсүх уулзалтын эхэнд “Би шударга ёсны тэмцэлд үргэлжлэл бий гэж хэлж байсан. Шүүх, прокурорын байгууллага хуульд захирагдаж, шударга ажиллах ёстой. Үүний төлөө би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа. Шударга бус шүүхийн хор нөлөөг сэлэнгэчүүд мэдэрсэн. Гэм зэмгүй хүнийг барьж аваад хорьчихдог. Ийм байж болохгүй” хэмээн онцлоод хуулийн гадуур, хулгайн замаар алдагдсан орд баялгууд, улсын үйлдвэрүүдээ Монголын төр, ард түмэндээ эргүүлэн авч, үр шимийг нь иргэн бүрдээ тэгш, шударга хуваарилах бодлогоо тодорхойлж, мөрийн хөтөлбөрөө боловсруулсан гэлээ.
УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гурав нэг намаас сонгогдохын ач холбогдол нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийн дундах үл ойлголцол арилж, төрийн хар хайрцагны бодлого батжина. Төрийн тэргүүн бол сөрөг хүчин биш. Дэмждэг, зөвлөдөг, хамтардаг, бурууг сануулж, сэрэмжлүүлж байх үүрэгтэй. Ерөнхийлөгч сөрөг хүчний байр суурь, хувийн үзэмжээр асуудалд хандаж, гацааж, түгждэг биш төрийн бодлого нэг цонх, нэгдмэл байдлаар хэрэгжих ёстой.
“Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улс хүнснийхээ хэрэгцээг дотооддоо бүрэн хангахын зэрэгцээ органик хүнс экспортлогч орон болох зорилтын хүрээнд Засгийн газраас “Атрын IV аян”-ыг санаачлан хэрэгжүүлсэн. Одоо ч үргэлжилж байгаа. Малчид эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдээ дэмжиж сүү боловсруулах үйлдвэр, цехэд стандартын шаардлага хангасан сүү нийлүүлбэл мөнгөн урамшуулал олгох журмыг батлан хэрэгжүүлсэн. Эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудаа эрчимжүүлэн, Газрын тосны үйлдвэрийнхээ үүдийг нээх, хөгжлийн төмөр судас “Мянганы төмөр зам”-аа бүтээн байгуулах, цахилгаан станцуудаа босгох, түлш шатахуун, гэрэл дулаан, хүнсний дотоодын хэрэгцээг бүрэн хангах, улмаар экспортлох хөгжилд тэмүүлсэн зорилтуудаа мөрийн хөтөлбөртөө тусгасан.
Ард түмнээ соён гэгээрүүлнэ. 24 жилийн дараа Соёлын яамтай боллоо. Монгол хүн түүх, соёл, бичиг үсэг, дээл хувцсаараа бусад улс орноос ялгарах ёстой. Иргэд маань эх орноо хайрладаг, ээж аавыгаа хүндэлдэг, эрдэм боловсролтой, соёл түүхээ дэлгэрүүлэн хөгжүүлэх ёстой” гэдгийг онцоллоо.
Сэлэнгэ аймгийн иргэдийн хувьд нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт тусгасан ногоон хөгжлийн талаарх заалтыг олзуурхаж, малчид тариаланчдад чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрийг дэмжиж, санаачилж ажиллана гэдгийг дэмжиж байгаагаа хэлж байлаа.
Сэлэнгэ аймгийн залуус өөрсдийгөө эх орныхоо баялаг гэдгийг тодотгож, оюутан залуусын боловсролд чиглэсэн олон заалт бүхий мөрийн хөтөлбөр боловсруулсныг сайшаасан юм. Тухайлбал, оюутнууд цагийн ажил хийх боломж бүрдэж, орон нутгийн шилдэг залуусыг дэлхийн алдартай 100 сургуульд сонгон суралцуулах заалт хэрэгжиж, цаашид жишиг болоосой хэмээн тодотгож байв.
Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт хот, орон нутгийн иргэдийг эх орныхоо экологийн цэвэр, хямд, чанартай хүнсний бүтээгдэхүүнээр тогтмол, аюулгүй, найдвартай хангах бодлогын хүрээнд улсын хэмжээнд зоорь, хүлэмж, агуулахын аж ахуйг хөгжүүлэх “Органик хүнсний зоорь” хөтөлбөрийг санаачлан Засгийн газарт чиглэл өгч ажиллана. Малын бэлчээр, тариалангийн газрын зохистой ашиглалт, менежментийг сайжруулж, бэлчээрийн доройтол, цөлжилттэй тэмцэх, нөхөн сэргээх ажлыг төрийн бодлогоор дэмжинэ. Байгальд ээлтэй нүүдлийн мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрсдэлийн даатгал, бүртгэл, мэдээлэлд суурилсан ухаалаг системтэй холбон, тогтвортой хөгжүүлэх “Эрсдэлгүй хөдөө аж ахуй” хөтөлбөрийг санаачлан, дэмжиж ажиллана хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан юм.