Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх өнөөдөр /2021.05.31/ Төв аймгийн иргэд сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Нэр дэвшигч У.Хүрэлсүх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээн мандуулж, батлан хамгаалах, улс орныг хөгжүүлэх үйл хэрэгт Төв аймгийнхны оруулсан хүч хөдөлмөр асар их гэдгийг өнөөдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна. Монголын төр, МАН-ын улс орноо гэсэн төрийн бодлогыг тулхтай, цэгцтэй байлгаж, ноён нурууг нь хазайлгахгүй тулахад Ардын хувсгалын анхны долоогийн нэг Д.Бодоогоос эхлээд Түшээт хан аймгийнхан, Төв аймгийнхан үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан. Иргэдийнхээ итгэлээр Ерөнхийлөгч болвол шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлнэ. Хараат бус шүүхийн тогтолцоог бий болгоход анхаарч ажиллана. Баялгийн тэгш хуваарилалтыг дэмжиж, эхлүүлсэн бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхэд УИХ, Засгийн газартайгаа хамтарч ажиллах болно.
Мөрийн хөтөлбөрийнхөө хөгжилд хөтлөх бүтээн байгуулалт заалтад автозам, төмөр зам, агаарын тээвэр, эрчим хүч, байгалийн хийн хоолой, үндэсний хиймэл дагуул, холбоо мэдээлэл зэрэг суурь дэд бүтцийг өргөтгөн олон улсын сүлжээнд холбохыг дэмжиж ажиллана гэж тусгасан.
Бид архидалт, ажилгүйдэлтэй тэмцэх хэрэгтэй байна. Иргэдээ ажлын байраар хангаж, улс орны эрх ашгийн төлөө хамтарч ажиллах хэрэгтэй байна. Эрх мэдлийн төлөөх талцал хуваагдлаа одоо зогсоох хэрэгтэй. Сандал суудлын маргаан ард түмэнд огт хамаагүй. Тэдэнд ажил, орлого хэрэгтэй. Улс орны хөгжил дэвшил бол ард түмний эв нэгдэл дээр тулгуурладаг. Язгуур эрх ашгаа дээдэлсэн ард түмний эв нэгдэл батжих ёстой. Эдийн засгаа хүчирхэгжүүлж, чинээлэг хангалуун дундаж давхаргыг бий болгох хэрэгтэй. Үндэсний үнэт зүйл, өв соёлын дархлааг бэхжүүлэхийн төлөө мөрийн хөтөлбөрөө боловсруулсан” гэдгийг онцоллоо.
Тэрбээр мөн төр засгийн бодлогыг малчид руу чиглүүлэх ёстойг онцолж, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 1995-2019 онд нийгмийн даатгал төлөөгүй 15-60 насны малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нэг удаа нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжийг бий болгож, малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулсан гэв.
Төв аймгийн иргэдийн хувьд “Баялагтаа эзэн болох зорилт нь Монголын бүх иргэнд чиглэсэн зөв бодлого. Орон сууцжуулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх заалт нь залуучуудыг дэмжсэн зөв шийдвэр гэж харж байгаа. Залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх дугуйланг сургууль, цэцэрлэгийн дэргэд байгуулж өгөх нь залуусын хөгжилд нэмэртэй гэж бодож байна” гэсэн юм. Төв аймгийн залуус сонгуульдаа идэвхтэй оролцож, өөрсдийнхөө төлөө зөв сонголт хийх цаг болсон гэдгийг онцолж байлаа. Мөрийн хөтөлбөрт Залуучуудыг дэмжих тухай хуулийн хүрээнд “Залуучуудын үндэсний хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулж, төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлнэ гэж тусгасан. “Орлоготой оюутан” тусгай хөтөлбөр санаачилж, оюутан, залуусын хөдөлмөр эрхлэх боломж, цагаар ажиллах ажлын байрны тоог нэмэгдүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллана” гэж тусгасныг залуус дэмжиж байна.