Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх хоёр охиныхоо хамт 07:40 цагт Нийслэлийн 48 дугаар сургууль дээрх хэсгийн хороонд саналаа өглөө. Тэрбээр сэтгүүлчид хандан “Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох 8 дахь удаагийн сонгуулийн санал хураалт албан ёсоор эхэллээ. Энэ жил улс тунхагласны маань 100 жилийн ой, Монгол Улсад төрт ёс үүссэний 2230 жилийн ой, Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 60 жилийн ой гээд Монгол Улсын түүхэн сайхан онцлогтой жил болж байгаа. Олон сайхан тэгш ой давхацсан энэ жил Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж байгаа нь бэлгэ дэмбэрэлтэй, сайхан үйл явдал болж байна гэж бодож байна. Өнөөдөр нар хур тэгширсэн сайхан өдөр боллоо. Хоёр өдөр сайхан хур бороо орлоо. Өнөөдөр сайхан нар мандлаа. Нар, хур тэгширсэн сайхан өдөр болж байна.
Монгол хүн бол Монголын баялаг. Бидэнд олон баялаг байгаа. Байгалийн баялаг байна. Мөн Монголын ард түмэн маань өөрөө баялаг. Монголын ард түмний оюун санаа бол асар том баялаг. Монголын ард түмний үүх түүх, соёл, бичиг үсэг гээд олон баялгынхаа эзэн болсон Монголчууд байх ёстой гэж би үзэж байгаа. Надтай хамт нэр дэвшсэн хоёр эрхэм, АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ, ХҮН-аас нэр дэвшсэн Д.Энхбат нартаа сонгуульд нь өндөр амжилт хүсье. Д.Энхбат маань эмнэлэгт байгаа. Эрүүл мэндэд нь сайн сайхныг хүсье. Гэр бүлийн хүнд нь сайн сайхныг хүсье. Хурдан эдгэрээд, эмнэлгээсээ хурдан гараарай. Өвчин гэдэг ямар хэлж ирэх биш. Энэ цар тахлыг Монголчууд бид хамтдаа даван туулж, гарах ёстой. Эрүүл мэнд гэдэг хамгийн чухал зүйл байдаг. С.Эрдэнэ даргад мөн сонгуулийн ажилд нь өндөр амжилт хүсье. Ард түмэн маань ч гэсэн дээлээ өмсөөд, гоёж ирээд саналаа өгдөг шүү дээ. Энэ бол монголчуудын үнэт зүйл юм. Ард түмэндээ амжилт хүсье. Сонгуульдаа идэвхитэй оролцоорой” гэлээ.