Олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээний сүүлийн өдөр жүдо бөхийн багийн тэмцээн явагдаж байна. Монголын баг эхний шатанд БНСУ-ын багтай таарав. Монгол, Солонгос энэ олимпоос адилхан нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн, тэнцүүхэн өрсөлдөгчид гэж болно.Эхний барилдаан +90 кг-ынхны хооронд болоход Ө.Дүүрэнбаяр улсаа төлөөлөн дэвжээнд гарав. Энэ барилдаанд солонгос бөх Ким Мин Жон манай бөхийг ороод ирэхэд нь дагуулж хөл тавиад цэвэр ялав. БНСУ 1:0-ээр тэргүүлж эхэлсэн эгзэгтэй мөчид манай гол найдвар Д.Сумъяа дэвжээнд гарав. Тэрбээр энэ удаа өрсөлдөгч Ким Жи Сүг мэхээ дутуу хийхэд нь дагуулж дайраад вазари авч яллаа. Хожлын харьцаа 1:1.Гурав дахь барилдаанд манай Ц.Цогтбаатар Ан Чан Римтэй хүч сорилоо. Хоёр бөх хувийн төрөлд хоёулаа хүрэл медаль авсан гэдгээрээ онцлог. Тун чухал энэ барилдаанд манай бөх торгуулиар ялснаар 2:1 болгов.Үүний дараа дэвжээнд гарсан Б.Ганхайч дээд жингийнхээ бөх Ким Сеон Гёныг солгой хутгаж вазаригаар ялснаар Монголын баг 3:1-ээр тэргүүлж эхэллээ. Барилдаан бараг 10 минутын турш үргэлжилж, хоёр бөх маш их ядарсан байв. Улмаар -90 кг-д Г.Алтанбагана дэлхийн аварга Гвак Дон Ханыг торгуулиар ялснаар Монголын баг солонгосчуудыг 4:1-ээр буулган авлаа. Одоо манайхан шөвгийн наймд Оросын багтай хүч сорих болно.
Монгол-БНСУ 4:1
Ө.Дүүрэнбаяр – Ким Мин Жон 0:1
Д.Сумъяа – Ким Жи Сү 1:1
Ц.Цогтбаатар – Ан Чан Рим 2:1
Б.Ганхайч – Ким Сеон Гён 3:1
Г.Алтанбагана – Гвак Дон Хан 4:1