БНСУ-ын тал олон удаа зорчих виз олгох журамд өөрчлөлт оруулжээ. Энэ талаар Монгол Улс дахь БНСУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлэл хийлээ. Сүүлд хийсэн судалгаагаар ердөө 1000 орчим Солонгос иргэн Монгол Улсад байнга зорчих олон удаагийн виз авсан бол Монголын 47 мянган иргэн БНСУ-д олон удаа зорчих виз авчээ.
Визний журамд орсон өөрчлөлтүүд ба олон удаагийн виз авах боломжтой нөхцлүүд:
- БНСУ-д зорчиж байсан иргэн
- Төрийн албан хаагч болон төрийн өмчит ААН-ийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)
- БНСУ-руу тогтмол нислэг үйлддэг авиа компани, усан онгоцны компанийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)
- БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох, борлуулах зорилгоор ААН байгуулах, БНСУ-ын төрийн болон төрийн өмчит ААН-ийн урилгаар хэлэлцээр хийх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааны шугамаар зорчих иргэн
- БНСУ-ын иргэншилтэй болсон иргэний эцэг, эх, хүүхэд, БНСУ-ын иргэний эхнэр, нөхөр, мөн хоёр улсад гэрлэлтээ батлуулаад 1 жил ба түүнээс дээш жил зүй ёсоор амьдарч буй БНСУ-ын иргэний эхнэр/нөхрийн эцэг, эх, насанд хүрээгүй хүүхэд (18-аас доош насны)
- Олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшигчийн харилцагчийн зэрэглэл болон зарцуулалтаас хамааруулан VIP үйлчлүүлэгч гэж үзсэн иргэн
- Байнгын зорчигч-БНСУ-руу сүүлийн хоёр жилийн дотор 4 ба түүнээс дээш, нийт 10-аас дээш (сүүлийн 2 жилд заавал нэг удаа зорчсон байх) зорчсон иргэн
- Холбогдох нөхцлийг хангаж буй эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин
- Холбогдох нөхцлийг хангаж буй сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад 1 жилээс дээш хугацаагаар ажилласан иргэн
- 1 жилийн турш төлсөн татварын хэмжээ 500 сая төгрөгнөөс дээш байх, эсвэл татвар төлөгч 100 ААН-д хэлтсийн дарга болон түүнээс дээш албан тушаалд 1 жилээс дээш хугацаагаар ажиллаж буй иргэн
- БНСУ-д бакалавраас дээш зэрэг хамгаалсан иргэн, эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн (Үүнд коллеж хамаарахгүй)
- Холбогдох нөхцлийг хангаж буй олны танил урлаг соёлын зүтгэлтэн, тамирчин (Тухайн салбарт гавьяа зүтгэл гаргасан иргэн)
- 500 сая төгрөгнөөс дээш үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө зэрэг хувийн хөрөнгө эзэмшиж буй иргэн.