ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр “Баян-Өлгий аймгийн тохиолдлын тоо орон нутгийн халдварын 30 хувийг эзэлж байна. Хөл хөдөлгөөн, хурим найр, вакцинд хамрагдсан байдал нөлөөлсөн бололтой. Баар нээлээ гээд очиж эрсдэлд орох, орохгүй нь таны сонголт болоод байна. Залуучууд л тэнд байгаа. Та эрсдэхгүй ч аав ээж, эмээ өвөө чинь эрсдэлд орно. Энэ байдлаар буцаад халдварын тархалт өсөх нь тодорхой болж байна даа. Хүн бүр дор бүрнээ хичээчих юмсан. Арай л эрт тайвшраад байна. Ирэх долоо хоногууд хэцүүхэн байх дүр зураг харагдаж байна” хэмээн мэдэгдлээ.
Үнэндээ цар тахлын хүрээ хумигдах, эсэх нь иргэдийн ухамсар, хариуцлагаас шууд шалтгаалах нь дэндүү ойлгомжтой асуудал. Залуустаа үлгэрлэж, үг хэлж анхааруулах ёстой ахмадууд өөрсдөө гудамжинд нус, цэр, шүлсээ хээв нэг хаях үзэгдэл огт буурахгүй байна.
Худалдаа, үйлчилгээний газар амны хаалтгүй хүн оруулахгүй гэдэг журмыг зөрчин шаардлага тавьсан хүнийг хэл амаар доромжлоод дайрч орох харанхуй хүүхнийг харлаа.
20 гарч яваа гэмээр хоёр хос супермаркетад амны хаалтгүй явж байх юм. Тэр хоёроос өөр маскгүй хүн алга байхад санаа нь өчүүхэн ч зовсон шинжгүй хэнэггүй царайлах нь гутармаар эмгэнэл. Өрөөлийг гэх сэтгэл байхгүй юм гэхэд өөрсдийнхөө хайртай хүмүүсийг бодох ухамсартай байх ёстойг ойлговол ойлгохоор цаг хугацаа өнгөрлөө шүү дээ!
“Цар тахлаас бид залхаж байгаач цар тахал биднээс залхах болоогүй байна” гэж албаны хүн анхааруулсан нь хамгийн бодитой дүгнэлт!
Д.Дорж