Гашуунсухайт боомтын хилийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.Баярнэмэхтэй ярилцлаа.
-Сайхан намаржиж байна уу? Таныг коронавирусын халдвараар өвчилсөн гэж сонссон. Бие нь гайгүй юу?
-Сайжирч байгаа. Би азтай хүн юм. Баянчандмань сумын эмнэлэгт хэвтээд, улмаар 3 дугаар эмнэлгийн яаралтай тасагт хүргэгдэж, U1, U2 тасагт эмчилгээ хийлгэсэн. Нэн хүнд хэлбэртэй хоёр уушгины хатгаатай, доод мөч буюу хөлийн венийн судасны өргөсөлттэй, цусны бүлэн үүсэх хүндрэлтэй байсан юм байна. Эмнэлгийн чадварлаг хамт олон сайхан эмчилсэнд их баяртай байгаа. Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, сувилагч үйлчлэгч хэн хүн бүхэнд талархахгүй байхын арга алга. Хамгаалалтын хувцас өмссөн, давхар бээлийтэй, маск, нүдний шил, нүүрний хаалттай өдрийн турш гүйсэн, сандарсан, дусал тариа залгасан, хүнд өвчтэй хүмүүсийн шээс, баас цэвэрлэсэн, угаасан байдлыг харж хэвтэхдээ “Сайн сайхан цаг ирвэл энэ хувцсыг нь хуу тайлж хаяад агаар салхинд үс гэзгээ хийсгээд байгалийн сайханд салхилж инээмсэглэж уулзацгаах юмсан” л гэж бодогдсон шүү.
-Таны ажиллаж байгаа Гашуунсухайт боомтын талаар ярилцах гэсэн юм. Боомтын нөхцөл байдал амаргүй хүнд байдаг гэлцэх юм?
-Манай боомтын нөхцөл байдал хүнд, хөнгөн гэдэг нь харьцангуй ойлголт л доо. Бидний тангараг өргөсөн төрийн тусгай чиг үүрэг хүлээсэн албан тушаалтнууд үүрэгт ажлаа нарийн цагийн хуваарийн дагуу хийдэг. Хил хамгаалах шалган нэвтрүүлэх заставын ажилтнууд, Гаалийн хяналтын байцаагчид, Гадаадын иргэн харьяатын болон Экспорт, импорт хил хорио цээрийн хяналтын байцаагч нар дор бүрнээ үүрэгт ажлаа хийж улсын хилийн үүд хаалгыг хариуцаж ажиллаж байна шүү дээ. Ковид-19 цар тахал 2019 оны төгсгөл 2020 оны эхэнд л хаалга тогшиж урд хөршөөсөө эхлэлтэй хилийн хорио цээрийн дэглэм чангарч эхэлсэн. Зорчигчийн хөдөлгөөн хаагдлаа. Хятадын талд байсан Монгол иргэдийг татан авалт , нүүрс тээврийн жолооч нарын аюулгүй байдал, экспортыг тасалдуулахгүй явуулах дэг журамд хилийн хяналт шалгалтыг зохион байгуулах гэдэг амаргүй шүү дээ. Тухайлбал, орсон гарсан жолооч тус бүрийн эрүүл мэндийн хуудас бөглүүлж,биеийн халууныг хэмжиж, эрүүл ахуйн халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, түүнд хяналт тавьж ажиллах нь манай ажилтнуудын үндсэн үүрэг болохоор хойш сууж, цалгар назгай байж болохгүй. Хариуцлагатай ажил тийм болохоор л шаардана, зөвлөнө, үглэж хэлнэ. Түүнд дуртай тааламжтай хандах хүн ховор.
–Таны хариуцсан ажилтнууд яг ямар үүрэг рольтой хяналт хийдэг юм бэ? Тэр талаараа дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Улсын хилийн боомт дээр экспорт, импорт хил хорио цээрийн хяналтыг зургаан чиглэлээр хяналт хийж ажилладаг. Улсын хил дээр олон улсын хүний хөл хориот өвчин, мал амьтны “А” жагсаалтын гоц халдварт өвчин, хөнөөлт шавьж мэрэгч амьтан, өвчтэй ургамал улсын хилээр нэвтрэх өөрийн оронд болон гадаад улс оронд дамжин тархахаас урьдчилан сэргийлэх тал дээр үүрэг хүлээсэн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар ажилладаг. Цар тахал өвчин гараад хилийн зорчигчийн шугам хаалттай зөвхөн нүүрс, зэсийн баяжмалын экспорт явж байгаа. Гэхдээ л Монгол Улсын Шадар сайдын Онцгой нөхцөлд уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох үеийн түр журмын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр бид л ажилласан. Эхэндээ ААН, жолооч тээвэрчид их дургүйцнэ. Ямар ч хөрсөнд буухгүй олон зүйл шаардлаа, шалгалаа гэдэг байсан ч одоо бол хандлага, хариуцлага огт өөр болсон. Сая намайг эмнэлэгт байхад олон ААН-ээс утасдаж “Манай кемпийг ирж үзээд, дүгнээд зөвлөөд өгөөч эрүүл ахуйн байцаагчаа явуулах боломж байна уу?” гэх зэргээр дотоод байдалдаа эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмдээ анхаардаг болсон байна.
–Танай ажилтнуудын, улсын байцаагч нарын ажиллах нөхцөл, хүний нөөц ямар байдаг вэ?
-Улсын хил дээр ажиллах эрүүл ахуйн халдвар хамгааллын улсын байцаагч дутагдалтай байсан цаг үеийн нөхцөл байдлыг харгалзаад МХЕГ, аймгийн МХГ-аас АШУҮИС төгссөн таван залууг томилж ажиллуулсан. Зарим нэг нь буцсан. Ихэвчлэн эмэгтэй хүүхдүүд ирж ажилладаг л даа. Тэд нарын маань тавьсан шаардлагыг жолооч нар биелүүлэхгүй, уур бухимдлыг нь хүргэж харилцаан дээр асуудал үүсгэнэ. Хөөрхий уйлаад л орж ирнэ. Түүнийг эвтэйхэн зохицуулаад уучлал гуйлгаад хэн хэнд нь ойлгуулах нарийн ажиллагаа явагдана аа / инээв/
-Та удирдах ажил олон жил хийсэн хүн. Арга барилаасаа хуваалцахгүй юу?
-Хүнд хэлээд байх туршлага арга барил гээд байх юм ч байхгүй дээ. Уншиж судалж, ахмад дарга нараас сонсож байсан зүйлсээ ашигладаг л гэх үү дээ. Хоньчин хүн хонь хариулахтай адил хойноос нь тууж алсаас ажиж тогтуухан байдлаар л авч явахыг хичээдэг. Аль болох уур бухимдлаа эд нартаа гаргахгүй байхыг эрмэлздэг юм. Миний хүүхэдтэй л ижил, бас нэг айлын нандин амьтан л байгаа шүү дээ. Надаас айдаг болчихвол яах вэ? Надад үнэнээ ярихгүй, дотоод асуудал үүссэн ч хэлж ярихгүй хямраад ажилаа хийж чадахгүй шүү дээ. Би харин ажилтнуудаасаа захидал бичүүлж авдаг юм, заавал. Гараараа өөрийн хүсэл мөрөөдөл, зорилго төлөвлөгөө, надад зориулсан шүүмжлэл бичээрэй гэдэг. Тэднийхээ захидлыг уншаад дор бүрд нь хариу бичиж өгдөг. Захидал харилцаа бол олон сайн талтай. Эхлээд л бичиг үсгийн чадвар нь, дараа нь найруулга зүй харагддаг. Хэлж ярьж чадахгүй асуудлаа захидалд бичдэг юм шиг санагдсан.
–Улсын гол экспорт хийгдэж байгаа боомт дээр тулгамдсан, шийдвэрлэвэл зохих ямар ямар ажил, санаа байдаг вэ?
-30 жилийн түүхтэй Гашуунсухайт, Шивээхүрэн боомтууд дээр ажиллаж байна. Боомтын хот байгуулалт, төлөвлөлтийн асуудлын хүрээнд усан хангамжийн талаар судалгаа шинжилгээ, шийдлүүдийг мэргэжлийн байгууллагаар сайтар хийлгээсэй, Хог хаягдал, ариун цэврийн байгууламжийг орчин үеийн шийдлээр барьж байгуулаасай л гэж бодож сайд дарга нарт уламжилж ирсэн. Тухайлбал, Гашуунсухайт боомтын гүний худгийн усыг шууд хүнсэнд хэрэглэж болохгүй учир тусгай шүүлтүүрээр шүүж хэрэглэдэг. Ахуйн усны хэрэглээний эндээс хамгийн ойрхон худаг 27км-ийн цаана байдаг. Ийм нөхцөлд зам талбайгаа усал, мод тарь, байгаль орчин ногоон байгууламж үүсгэ гээд шаардлага бичиж өгөөд байвал хэн хүлээж авч биелүүлэх вэ? Нүүрс болон хүнд даацын авто машины замын түйрэн гэж гамшиг энд байна даа. Боомт дээрээ хяналтын бүсийн цементэн талбайг шүүрдэж цэвэрлэдэг машинтай болох юмсан гэж бодогддог. За тэгээд хүний хүсэл барагдах биш дээ. Нэг сайхан спортын залтай болвол гал гаргасан тэмцээн уралдаан зохион байгуулах юмсан гээд мөрөөдөх л юм. Сайн сайн сагсан бөмбөгчид, тамирчин залуус олон байгаа. Цар тахал гээд ажил зохион байгуулж болохгүй байна даа.
-Авлига, хүнд суртлын талаар асууя?-Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газраас хэрэгжүүлж байгаа олон талт арга хэмжээг бид газар дээр нь зохион байгуулж байна. Яг энэ бүс нутагт хэрэгжүүлэх дүрэм журмыг Ханбогд сумын Засаг дарга тухай бүрд нь боловсруулж батлаад ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энд ажиллаж байгаа төрийн ажилтнууд бүгд л халуун наранд ээлжлэн жижүүрт гарч Цагдаагийн алба, Онцгой байдал, Хилийн цэрэг, Гааль, АТҮТ, ЭМБ, ХӨСҮТ, дотоодын цэрэг, гэрээт Цагдаагийн тасаг, Гашуунсухайтын авто замын ажилтнууд бүгд оролцож дээр нь ААН-ийн эмч эмнэлгийн ажилтан бүгд л дайчлагдан ажиллаж байж ийм цэгцтэй болгосон. Яг дотор нь ажиллаж амьдардаг хүмүүс өөрчлөлтийг мэдэж байгаа. Ер нь аливаа байгууллагын сайн талыг нь харах, ажиглах тал дээр тааруухан болсон байна. Дээр нь сошиалд элдэв муу муухайгаар бичиж, нийгэмд буруу ташаа ойлголтууд өгөөд байгаа тал бий гэж боддог.
-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа. Дараа дахин уулзаж ярилцахдаа таатай байх болно.
Д.Лхагва