Хоёр жил орчмын өмнө “Ковид-19”-ийг анх илрүүлсэн БНХАУ хилээ чангалж, улс дотроо вирусыг устгахаар шийдсэн хэвээр байна.
Хүн амынхаа 75 гаруй хувийг вакцинжуулаад байгаа хэдий ч БНХАУ коронавирусын эсрэг хатуу стратеги баримталж байгаа юм. Тухайлбал хилээ хааж, гадаадаас ирэх бүх хүмүүст урт хугацааны хорио цээрийн арга хэмжээ авах, дэгдэлт гарсан үед орон нутгийн хөл хорио зэрэг дэглэмийг баримталж байна.
Өнгөрөгч мягмар гарагт Хятадын баруун хойд муж болох 4 сая гаруй хүн амтай Гансү мужийн Ланжоу хотод “Ковид-19”-ийн зургаан тохиолдол бүртгэгдсэний дараа хөл хорио тогтоосон билээ.
Энэ арга цаашид хэвээр үргэлжлэх төлөвтэй байна. Хэдийгээр Хятадын Эрүүл мэндийн зарим албаны хүмүүс вакцинжуулалтын түвшин 85 хувьд хүрмэгц урьдчилсан буюу хэсэгчлэн амрах талаар санал болгож байгаа ч ихэнх хязгаарлалт ойрын 12 сарын дотор буурахгүй гэж шинжээчид үзэж байна гэж CNN мэдээллээ.