Словакт “COVID-19” халдварын шинэ тохиолдлын долоо хоногийн дундаж үзүүлэлт 10 мянга давсантай холбоотойгоор 90 хоногийн хугацаатай онцгой байдал зарлаж, хоёр долоо хоног хөл хорио тогтоохоор болжээ.
Ингэснээр “COVID-19”-ийн өвчлөл хамгийн эрчимтэй нэмэгдэх болоод байгаа төв Европын тус улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулахын тулд нэн шаардлагагүй бүх дэлгүүрийг, мөн шөнийн цэнгээний газар, зоогийн газруудыг түр хугацаагаар хаана.
Словакийн Ерөнхийлөгч Зузана Чапутова мягмар гарагт ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ, улс орноо “COVID-19”-ийн эсрэг тэмцэлд ялагдаж байгааг анхааруулаад, эмнэлгийн ажилтнууд уртасгасан цагаар ажиллаж, эмнэлгийн ачаалал хэтрээд байгаа тул хөл хорио тогтоох шаардлагатай байгааг онцлон тэмдэглэжээ.
Хоёр долоо хоног хөл хорио тогтоох хугацаанд иргэдийг хүнс худалдан авах, ажил, сургуульдаа явах, вакцин хийлгэх зэрэг тодорхой шалтгаантай тохиолдолд гадуур гарахыг зөвшөөрнө. Вакцинд хамрагдаагүй хүмүүсийн хувьд ажилдаа явахдаа шинжилгээ өгөх юм уу халдвар аваад эдгэрснээ батлах шаардлагатай байна.
Мөн онцгой байдал тогтоосон хугацаанд өөр өрхийн зургаагаас дээш хүн нэг дор цуглахыг хориглоно. Словак нь вакцинжуулалтын түвшнээрээ Европын орнуудын дундаа сүүлээсээ гуравдугаарт бичигдэж байгаа бөгөөд хүн амынх нь 45 гаруй хувь нь бүрэн тунд хамрагджээ.
Словакийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 83 орчим хувь нь вакцинд хамрагдаагүй байна. Тус улстай хөрш залгаа оршдог орнуудад мөн “COVID-19”-ийн өвчлөл эрс нэмэгдээд байгаа бөгөөд Чех, Унгарт өдөрт илэрч буй халдварын шинэ тохиолдлын тоо урьд бүртгэгдэж байгаагүй хэмжээнд хүрээд байна.
Европын орнуудын дундаас Австри хөл хориог дахин тогтоох шийдвэрийг анх гаргаж, даваа гаргаас хэрэгжүүлж эхэлсэн юм. Мөн тус улсад ирэх оны хоёрдугаар сарын 1-нээс иргэдэд вакцинд заавал хамрагдах шаардлага тавихаар болноор ийм шийдвэр гаргасан анхны улс болоод байна гэж МОНЦАМЭ мэдээллээ.