ХХААХҮЯ, НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, холбогдох аймгийн Засаг дарга болон аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран нийслэлийн хүн амын өвлийн хэрэгцээнд зориулан “Өвлийн идэш” арга хэмжээг арваннэгдүгээр сарын 25-наас зохион байгуулж эхэлсэн.
Тус арга хэмжээнд худалдаалж буй бүх мах, махан бүтээгдэхүүн гарал үүслийн бичигтэй, лабораторийн шинжилгээнд оржээ. Түүнчлэн иргэд “Мал эмнэлгийн гэрчилгээ” гар утасны аппликэйшн ашиглан худалдан авах гэж буй бүтээгдэхүүнийхээ гарал үүслийг шалгах, шаардлагатай тохиолдолд шууд лабораторид шинжлүүлэх боломжтой аж. Баянзүрх дүүргийн Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч Л.Энхцэцэг “Нийслэлийн Мал эмнэлгийн газрын улсын байцаагч нар махны гарал үүслийг шалган, тодорхойлж байгаа. Мөн иргэд өөрсдөө ч гарал үүслийг нь шалгах боломжтой. Тухайлбал, Завхан аймгаас ирсэн махыг гарал үүслийн гэрчилгээний дугаараар нь аппликэйшнд оруулан шалгахад “Завхан хүнс групп” ХХК-д үйлдвэрийн аргаар бэлтгэн, Завхан аймгийн лабораторид шинжлүүлсэн байх жишээтэй. Товчоодоор гарал үүслийн гэрчилгээгүй мах нэвтрэх боломжгүй. Тэгэхээр энд худалдаалж буй бүх мах гарал үүслийн бичигтэй гэсэн үг” хэмээв.
“Мал эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн ард эрүүл” уриатай зохион байгуулж буй тус арга хэмжээнд оролцож байгаа худалдаачид болон тэдний бүтээгдэхүүнүүдийг цахим системд бүртгэжээ. Мөн мал эмнэлгийн улсын байцаагч нар 09:00-17:00 цаг хүртэл хоёр ээлжээр хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд иргэд хүсвэл улсын байцаагч нарт хандан худалдан авах гэж буй махаа шинжилгээнд оруулан, баталгаажуулах боломжтой. “Өвлийн идэш” арга хэмжээг арванхоёрдугаар сарын 2-н хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС