Хурд хэтрүүлдэг, гэрлэн дохио зөрчдөг, эгнээ байраа дураараа өөрчилдөг, хөгжим орилуулж зорчигчдын тав тухыг алдлагдуулдаг, бэлэн мөнгө байнга авдаг, бусдыг хэл амаар доромжилж, эрх чөлөөнд нь халддаг, цонхоороо нус шүлс, хогоо хаядаг гээд автобусны жолооч нарын гаргадаг зөрчил цөөнгүй. Харамсалтай нь тэд энэ алдаагаа засаж, замын хөдөлгөөний дүрэм болоод үйлчилгээний соёлд суралцаж байгаа дэвшил огт ажиглагдахгүй байна.
Нийтийн тээврийн автобусны жолооч нарын гаргадаг нийтлэг зөрчлийн нэг нь буудлын карма руу шахаж зогсдоггүй байх явдал юм. Буудлаасаа 1-2 метрийн зайтай хол зогсч хүнээ хагас дутуу аваад яаран сандран хөдөлж байгаагаас хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул заналхийлж байна.
СХД-ийн иргэн Бадам “2013 он. Цагаан сарын шинийн нэгний өдөр. Би эхнэр, хоёр хүүхэдтэйгээ Дархан явах гээд Драгон руу явдаг чиглэлийн 27 номерын шар автобусанд суусан. Гэтэл автобусны жолооч буудлаас бараг 3 метр хол зогсоод хаалгаа нээчихлээ. Хоёр хүүхэд маань ч буулаа. Гэтэл хойноос нь нэг том автобус хүүе хайя гэхийн завгүй маш хурдтай орж ирээд, хоёр хүүхдэд маань тулаад тормозоо гишгэлээ. Хэрвээ тормоз нь ажиллаагүй ч юм уу, эсвэл жолооч нь буруу тийшээ харсан бол ямар аюул учрах байсан нь дэндүү ойлгомжтой” хэмээн халаглав.
Үнэндээ автобуснууд карма руугаа шахаж зогсоогүйгээс араас орж ирэх бусад автобуснууд болон жижиг тэрэг аймшигтай осол хийж мэдэхээр байна шүү!
С.Сүх