МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН АЛБАНЫ ОНЦГОЙ АНХААРАЛД!
Одоогоос дөрвөн жилийн өмнө ОХУ-ын Магнитогорск хотод орон сууцны барилгад ахуйн хэрэглээний газ дэлбэрсний улмаас дөрвөн хүн гэмтэж, 40 орчим хүн сураггүй алга болсон аймшигтай осол болсон билээ. Манай улсын хувьд ч орон сууцанд газ дэлбэрч хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөнд хохирол учирсан хэрэг удаа дараа гарсан. 2012 онд Дархан хотын 9 давхар угсармал орон сууцанд Дашваанжил компанийн тавхан литр газ дэлбэрэхэд ямар их хэмжээний хохирол учирсныг мартах учиргүй! Гэтэл өнөөдөр 30-50 литр баллонтой газ өргөөд лифт рүү орж байгаа дүр зураг цөөнгүй байна! Ялангуяа асаргаанд байдаг ахмадууд, нялх хүүхэдтэй айл өрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд энэ нь маш болгоомжлох ёстой асуудал юм!!! Тэр утгаараа Мэргэжлийн хяналтынхан орон сууцанд хяналт шалгалт хиймээр байна. Уг нь стандартаар бол гурваас дээш давхар орон сууцанд газ хэрэглэхийг хориглодог. Харин манай газны худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд орлогоо бодоод ирсэн хүн болгонд хүссэн хэмжээгээр нь газ борлуулж байгаа нь байж болшгүй эрсдэлтэй үйлдэл! Айл өрхүүд ч цахилгаанаа хэмнэж байгаа нь энэ гээд өөрийгөө ч, өрөөл бусдыг ч аюул руу түлхэж болохгүй! Ялангуяа төвлөрсөн газын шугамгүй манайх шиг улсад баллонтой газ гэртээ оруулж, дэлбэрэх гамшигт нөхцөл байдал үүсгэж байгаад онцгой анхаарч, арга хэмжээ авах цаг болжээ. Ниргэсэн хойно нь хашгирахаасаа өмнө санаж сэрцгээе! Өмнөх гашуун туршлага давтагдах ёсгүй!
Д.Дорж