Өчигдөр нийслэлийн төв талбайд залуусын хийсэн жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсэх нөхцөл байдал илэрсэн гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдэгдлээ.
Нийслэлийн цагдаагийн газрын дарга Р.Отгонжаргал “Өчигдрийн жагсаал бол зөвшөөрөл авсан цуглаан биш. 18.00-19.00 цагийн үед жагсаалын бүтэц өөрчлөгдөж, эмх замбараагүй байдалд уриалж эхэлсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гарч ирж, жагсагчидтай уулзах үеэр жагсагчдын дундаас ус, ундааны сав шидэлж эхэлсэн. Харамсалтай нь нэг эмэгтэй ундааны саванд оногдож гэмтсэн учир гэмтлийн зэргийг нь тогтоолгож байгаа. Улмаар жагсагчид цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг эсэргүүцэх, архидан согтуурах, Төрийн ордон, Их тэнгэр зэрэг төрийн тусгай обьект рүү халдах үйлдэл хийсэн. Мөн цагдаагийн албан хаагчдын тавьсан шаардлагыг эсэргүүцэх, эрх чөлөөнд нь халдах, тархи толгойг нь хагалах үйлдэл хийж эхэлсэн. Нийт цагдаагийн 7 албан хаагч гэмтсэн. Бүр 7 сарын 1 шиг үймээн гаргая гэж ярьж байсан хүмүүс ч байсан. Ийм учраас 03.00 цагийн үед албадлагын арга хэмжээ авч, 20 орчим иргэнийг түр саатуулан шалгаж эхэлсэн’ гэлээ.