Нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 28-ныг “Автомашингүй өдөр” болгож, “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулах гэж буй. Энэ жилийн хувьд энэхүү тэмдэглэлт өдөрт бас нэгэн томоохон арга хэмжээ хүч нэмэн орж ирж байгаа нь “Европын өдөрлөг” юм. Маргааш Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас Сүхбаатарын талбайд 11:00-17:00 цагт “Европын өдөрлөг”-ийг зохион байгуулна. Өдөрлөг зохион байгуулах ажлыг НЗДТГ, УБЗАА-аас дэмжин ажиллаж буй бөгөөд өдөрлөгийн үеэр Европын холбооны гишүүн орнуудын соёл уламжлалтай танилцах, үндэсний хоол, амттанаар дайлуулж, урлагийн тоглолт үзэх өргөн боломжийг иргэдэд олгох юм. Мөн Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцаж, Европын холбооны гишүүн улсууд руу аялах боломж, шенгений виз хэрхэн авах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл өгнө.
Өдөрлөгийн үеэр Европын онцлогийг харуулсан өвөрмөц уламжлал, онцгой соёл, аялал жуулчлал, боловсролын боломжууд, бүтээгдэхүүн зэрэг хэрэгтэй мэдээллүүдийг 60 гаруй асарт бүтэн өдрийн туршид толилуулах юм. Мөн урлагийн тоглолт, хөгжмийн үзүүлбэр, амьд хөгжмийн тоглолт, соёлын арга хэмжээг зохион байгуулна. Түүнчлэн Европын холбооны асраар зочилсон хүүхдүүдэд “Паспорт” олгох бөгөөд асруудаар зочлон тамга даруулж Европын улс орнуудаар аялсан аяллынхаа төгсгөлд бяцхан гарын бэлэг гардах зэрэг сонирхолтой хөтөлбөрийг багтаажээ.