Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төв, Монголын ахмадын холбооноос хамтран “Эрүүл, идэвхтэй, оролцоотой насжилтын төлөө хамтдаа” ухуулга, нөлөөллийн ажлын хүрээнд нийслэлийн 6 дүүргийн зорилтот бүлгийн 60-аас дээш настнуудын дунд зохион байгуулсан ахмад настны ээлтэй орчинг үнэлсэн судалгааны үр дүнг танилцуулая:
-Сүүлийн 100 жилийн дотор оношилгоо эмчилгээний хүчин чадал мэдрэг байдал сайжирсан, хүүхдийн эндэгдлийг бууруулсан, халдварт өвчтэй тэмцэх арга хэмжээг сайжруулсан, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжирсан, хоол, хүнсний эрүүл ахуй сайжирсантай холбоотойгоор иргэдийн дундаж наслалт 2.5 дахин нэмэгдсэн байна. Дундаж наслалт уртсахын хэрээр ахмад настнуудын бие даасан байдал, амьдралын чанар, нийгмийн оролцоо төдийлөн дээшлээгүй байна.
-Дэлхийн хүн ам тооны хувьд 2050 он гэхэд 0-64 настай хүний тоо 22 хувиар, 65-аас дээш насныхны тоо 181 хувиар, 85-аас дээш насныхны тоо 351 хувиар, 100-аас дээш насныхан 1004 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Иймд 80 ба түүнээс дээш настай ахмадуудыг бие даах чадвартай, нийгмийн оролцоотой байлгахад зориулан настанд ээлтэй орчинг бүрдүүлэн, эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог хувирган төлөвлөх хэрэгтэй болж байна.
-Манай улсад хувьд ҮХС-ноос гаргасан хүн ам, орон сууцны тооллогоос харахад Монголын хүн ам 2020 онд 3,297,020, үүнээс 60-аас дээш насны хүн 232,097 байгаа нь нийт хүн амын 7,3 хувийг эзэлж байна. Цаашид 60 ба түүнээс дээш ахмад настнуудын эзлэх тоо 2050 он гэхэд 18 хувьд хүрч 5 хүн тутмын 1 нь ахмад настан ангилалд орох тооцоолол байна.
-Настнуудын нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоход ээлтэй орчин хангалттай сайн биш байгаагаас нийгмээс тусгаарлагдах, ганцаардах, айдас, сэтгэл түгшил, сэтгэл гутралд орох нь элбэг, гэмтэл бэртэл авах эрсдэл их байгаагаас гадна тэдэнд хандах хандлага ч сөрөг байсаар байна.
-Нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд ахмад настнуудад ээлтэй орчин хангалтгүй бүрдсэн байна. Ахмад настны оролцоог хангасан салбар дундын уялдаа холбоо хангалтгүй, салбаруудын бодлогыг ахмад настанд ээлтэй болгох эрхзүйн орчин эхлэл төдий байна. Ахмад настны эрүүл насжилтад нөлөөлөх сөрөг нөлөөлөл өндөр байна. Насжилттай холбоотой эерэг соёлыг бий болгох, ахмад настныг ялгаварлан гадуурхахаас сэргийлэх үйл ажиллагаа хангалтгүй байна. Ахмад настны ажил эхлэлтийн уян хатан бодлого хэрэгжүүлэх ажил дутмаг, дэмжлэг муу байна.