АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилбал Хятадын эрх баригчид эрс шийдэмгий, хатуу арга хэмжээ авна гэж тус улсын Гадаад хэргийн яамны /ГХЯ/ албан ёсны төлөөлөгч Жао Лизянь мэдэгдэв.
Тэрбээр мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр наймдугаар сард Н.Пелосигийн Тайваньд хийхээр төлөвлөж буй айлчлалын талаар тайлбар өгөхийг хүссэн барууны хэвлэл мэдээллийн төлөөлөгчийн асуултад хариулахдаа ийнхүү мэдэгдсэн байна.
“Хятад улс АНУ, Тайванийн хооронд аливаа албан ёсны харилцаа тогтоохыг бид эрс эсэргүүцэж байна. Конгресс бол Америкийн төрийн аппаратын нэг хэсэг бөгөөд энэ нь АНУ-ын баримталж буй “Нэг Хятад” бодлогыг хатуу дагаж мөрдөх ёстой гэсэн үг юм” гэж дипломатч цохон тэмдэглэжээ.
Жао Лижянь хэлэхдээ, Америкийн албаны хүмүүсийн Тайбэй руу дур зоргоороо хийсэн айчлал нь “Хятад, Америкийн харилцааны үндэс суурьт ноцтой цохилт болж, Тайванийн салан тусгаарлах үзэлтнүүдэд буруу дохио өгч байна’ гэв. “Хэрэв Пелоси Тайваньд айлчилбал тэрбээр “Нэг Хятад” зарчим болон Хятад-Америкийн тохиролцоог зөрчинө. Бид эрс эсэргүүцэж байна. Хэрэв АНУ өөрийн үзэмжээр үйл ажиллагаа явуулах юм бол бид улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд шийдвэртэй, үр дүнтэй арга хэмжээ авахаас өөр аргагүй болно. Үр дагаврын хариуцлагыг Вашингтон бүхэлд нь хүлээнэ” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Сүүлийн саруудад барууны орнууд Бээжингийн байр суурийг үл харгалзан Тайбэйтэй харилцаа холбоо, солилцоогоо эрс нэмэгдүүлсэн байна. АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Марк Эспер тэргүүтэй Америкийн төрийн бус төлөөлөгчид тус аралд айлчилж байгаа бөгөөд даваа гарагт Тайваньд цэргийн техник, зэвсэг нийлүүлэх асуудлыг хэлэлцжээ. Үүний зэрэгцээ Тайванийн парламентын дарга Ю Сикунь Чех улсын хууль тогтоох байгууллагын дээд танхимын дарга Милош Выстрчилийн урилгаар айлчлал хийхээр тус улсыг зорьсон байна гэж ТАСС агентлаг мэдээлснийг МОНЦАМЭ уламжиллаа.