Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургууль. Намайг суралцаж байх 10 жилийн хугацаанд сургуулийн маань шал шил толь шиг байдаг байсан. Өнөөдөр яг л хэвээрээ байна. Сургуулийн зүгээс хүүхдийн хичээл, хүмүүжилд баримталдаг бодлого нь ч уламжлагдсаар иржээ. Ийм давуу талаа аваад, хадгалаад үлдсэн болохоор сурагчдынх нь сурлага, хүмүүжил, төлөвшил эрс ялгарсаар байгаа аж. “Сурагч мөртлөө архи, тамхи, электрон тамхи, бүр мансууруулах бодис хэрэглэдэг хүүхэд хотод бий” гэвэл “Сургуулийн сурагч байж тийм муухай юмаар яадаг байнаа. Өөрсдөөсөө ичихгүй гэж үү?” гэж нүд нь орой дээрээ гарах хүүхэд энэ сургуульд олон байна. “Хүн болгон математикч болох албагүй. Харин ирээдүйд эцэг, эх болно гэдгийг мартаж болохгүй” гэж Оросын нэрт сурган хүмүүжүүлэгч Сухомлинский их л онож хэлсэн байдаг. Хүн болгон дээд мэргэжил эзэмшиж, том ажил албан тушаал эрхлэх албагүй. Хүн шиг хүн болох нь л юу юунаас чухал гэсэн утгатай үг шүү дээ.
Сэтгүүлч Д.Лхагвадорж