Орон нутгийн бага орлоготой өрхүүдийн амьдралын нөхцөлийг сайжруулах, зохион байгуулалтад орох, хариуцлага хүлээх боломжийг олгох зорилгоор “NTS” ТББ-аас өөрийн 12 салбар нэгжээр дамжуулж Баянхонгор, Дархан-Уул, Дундговийн Сайнцагаан болон Эрдэнэдалай сум, Завханы Улиастай болон Тосонцэнгэл сум, Орхон, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, аймгуудад болон УБ хотын Багануур, Хан-Уул дүүрэгт Хадгаламж зээлийн бүлгүүдийг байгуулж, жижиг бизнес эрхлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллав.
Одоогоор эдгээр бүлгүүдэд 2500 өрх зохион байгуулалтад орж, 278 аж ахуйн нэгж шинээр байгуулагдаж, 1.500.000.000 төгрөгийн хуримтлал бий болголоо.
Иргэдийг чадавхжуулж, орон нутагт бизнест эрхлэлтийг нэмэгдүүлж буй энэхүү үйл ажиллагааг “NTS” ТТБ-ын Дани улс дахь түнш Дани-Монголын нийгэмлэгээр дамжуулан CISU/DANIDA санхүүжүүлсэн байна.
Цаашилбал орон нутгийн 1962 бизнес эрхлэгчийг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын сургалтад хамруулж ОУХБ-ын гэрчилгээтэй болгож, “Бизнесээ эхлүүл, бизнесээ сайжруул” чадавхжуулах хөтөлбөрийн хүрээнд 32 сургагч багшийг бэлтгээд байна.
Сургалтад хамрагдсан хүмүүсийн олонх нь жижиг үйлдвэрээ байгуулахын тулд орон нутгийн зээл авах боломжтой болж, үүний үр дүнд 278 өрхийн үйлдвэр шинээр байгуулагджээ.
Тиймээс NTS ТББ-аас сүүлийн дөрвөн жилийн хүрээнд хэрэгжсэн энэхүү үйл ажиллагааны үр дүн, сургамжийг танилцуулж, хэлэлцэх зорилго бүхий “Хариуцлагатай, тогтвортой нийгэм” Үндэсний чуулганыг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Корпорэйт зочид буудалд (Сүхбаатар дүүрэг 1 хороо, Баянгол зочид буудлын хойно) зохион байгуулах гэж байна.
NTS-ийн гүйцэтгэх захирал Тунгалаг “Иргэний нийгмийн байгууллагууд Монголын нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж чадна гэдгийг бидний үр дүн нотолж байна. Чуулганы гол “мессеж” бол орон нутгийн төдийгүй үндэсний хэмжээний эрх баригчдыг ард иргэдээ чадавхжуулах, шинэ аж ахуйн нэгж, ажлын байр бий болгоход өөрсдийн батлагдсан туршлага, чадавхыг ашиглан хамтран ажиллахыг уриалж байна” гэж хэлэв.
Мөн “NTS-ийн төслийн хэрэгжилт нь анхны зорилтоосоо давсан үр дүнд хүрсэнд бид маш их баяртай байна. Энэхүү хөтөлбөр нь орон нутагт бизнес эрхлэлт хөгжиж, ажлын байр бий болгох, эдийн засгийн өсөлтийг хангах үр дүнтэй хэрэгсэл болохыг харуулж байна” гэж Данийн Монголчуудын Нийгэмлэгийн төслийн багийн гишүүн ноён Повл Анкер Андерсен хэллээ. Тэрээр “Гэхдээ бид Дани болон бусад улс орнуудад ижил төстэй үйл ажиллагаа явуулж, төсөл хэрэгжүүлж байсан туршлагаасаа харахад ийм хүчин чармайлтын бүрэн боломж нь зөвхөн эрх баригчид болон Иргэний нийгмийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих боломжтой гэдгийг мэднэ.
Энэхүү чуулган нь NTS болон Монголын эрх баригчдын хоорондын ирээдүйн хамтын ажиллагааны эхлэл болно гэж найдаж байна” гэж дүгнэв.