Аймаг, нийслэл, дүүрэг яам, агентлаг, зарим аж ахуйн нэгж байгууллагын ахмадын хорооны дарга, идэвхтэн сонгуультны ээлжит цахим зөвлөгөөн дөнгөж сая өндөрлөлөө. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ), Монголын ахмадын холбоо (МАхХ) хамтран зохион байгуулсан уг зөвлөгөөнийг нээж МАхХ-ны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар үг хэлсний дараа ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир төрөөс ахмадуудын талаар баримтлах бодлого, авч буй арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн юм. Цахим зөвлөгөөнд МАхХ-ны ерөнхийлөгч Ц.Сүхбаатарын “МАхХ болон ахмадын анхан шатны байгууллагуудын ажлын товч тайлан, цаашдын зорилт” сэдэвт илтгэлийг бүрэн эхээр нь хүргэе.
Цахим зөвлөгөөнд оролцож байгаа Та нөхдийн энэ өдрийн амгаланг эрье.
Монголын ахмадын холбоо болон орон нутгийн ахмадын байгууллагаас 2022 Ахмад настны тухай хууль тогтоомжийг цахимаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн хүрээтэй сурталчлах, аж ахуйн нэгж байгууллагуудыг Ахмадын хороо, зөвлөл, “Ахмадын сан” болон тэтгэвэрт бэлтгэх төлөвлөгөөтэй болгох, “Ахмадад ээлтэй байгууллага”-ын хөдөлгөөн өрнүүлэх, эдгээр байгууллагуудын тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлуудад гол анхаарлаа төвлөрүүлж төлөвлөсөн ажлаа үндсэнд нь ханган биелүүллээ.
Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ оны сүүлийн хагаст хийхээр товлогдсон ”Монголын ахмад настны эрх, нийгмийн тулгамдсан асуудлаарх” Үндэсний зөвлөгөөн хийх асуудлаар Ерөнхийлөгчийн тамгын газар, Монголын ахмадын холбоо санал санаачилга гаргаж үүнтэй холбогдуулан Засгийн газрын тогтоол болон хөтөлбөрийн төслийг ХНХЯ, ЕТГ-т боловсруулж хүргүүлсэн боловч Ахмад настны чуулган, ээлжит их хурал улс төр, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж хойшилсныг Та нөхөд мэдэж байгаа билээ.
“Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон Монголын ахмадын холбооны хооронд Хамтран ажиллах санамж бичиг” байгуулж өндөр ур чадвартай мэргэшсэн ахмад зөвлөхүүдийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, зөвлөх үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бий болгох зэрэг олон асуудлуудыг тусган хэрэгжүүлж, Монголын ахмадын холбооны дэргэд “Хөдөлмөрийн бирж” ажиллуулах санал, журмын төсөл боловсруулан Яам, ХХҮЕГ-т хүргүүлэн хамтран ажиллаж байна.
2022 оны эхэнд Монголын ахмадын холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран Хэвлэлийн бага хурал хийж, төр, засгийн удирдлагад хандан тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага хүргүүлж, олон нийтэд мэдээлэл хийсний дагуу тэтгэврийн доод хэмжээ 500.000 төгрөг болж бүх төрлийн тэтгэврийн хэмжээ нэмэгдсэн бөгөөд Ахмадын өдрийг тохиолдуулан Монголын ахмадын холбооноос Хэвлэлийн бага хурал хийж, Ахмад настны өмнө тулгамдсан зарим асуудал, ялангуяа ахмадуудаас МАхХ-нд байнга тавьж буй тэтгэврийн зөрүүг арилгах асуудлаар Монголын ахмадын холбооны удирдах зөвлөлөөс УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт дахин шаардлага хүргүүлж УИХ-ын холбогдох байнгын хороонд мэдэгдэж ажиллалаа.
2022 оны 02-р сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран Аймаг, нийслэл, дүүрэг, сум, хороо, яам, агентлаг, зарим аж ахуйн нэгжийн ахмадын байгууллагын удирдах ажилтны цахим зөвлөгөөн хийж, уг зөвлөгөөнд 800 гаруй хүн оролцож, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Яамны газар хэлтэс, агентлагийн дарга нар, Геронтологийн үндэсний төвийн дарга Р.Хишигжаргал, Монголын мастеруудын биеийн тамир спортын хорооны ерөнхийлөгч, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч О.Наранбаатар нар мэдээлэл хийв.
Улсын их хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, ШУА-ийн Философийн хүрээлэнгээс зохион байгуулсан “Ахмад настны нийгмийн халамж, төлбөрт үйлчилгээг нэвтрүүлэх боломж, шийдэл” хэлэлцүүлэг болон “Ахмад настны социаль асуудлууд, үр дагавар, төлөв хандлага” суурь судалгааны төслийн үр дүнгийн талаарх эрдэм шинжилгээний бага хуралд Монголын ахмадын холбооны удирдлагууд илтгэл тавьсан болно. Эдгээр арга хэмжээний үр дүнд “Ахмад настны социаль асуудлууд, үр дагавар, төлөв хандлага” суурь судалгааны ном хэвлэгдэн холбогдох байгууллага, ажилтнуудад хүргэгдээд байна.
2022 оны 5-р сард Нийслэл, дүүргийн ахмадын хорооны дарга, зохион байгуулагчдын уулзалт семинар Монголын ахмадын холбооны Мэдээлэл, сургалтын төвд болж, Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний холбогдох журмуудад өөрчлөлт оруулах, Ахмадын орлогыг нэмэгдүүлэх жижиг төслүүдийн сонгон шалгаруулалтын нөхцөлийг сайжруулах, Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг нэвтрүүлэх асуудлаар сургалт семинар зохион байгуулж зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.
2022 онд ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлт, орлого нэмэгдүүлэх эдийн засгийн дэмжлэгт 900 гаруй ахмад настан хамрагдаж, 1.7 тэрбум төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл, 6000 гаруй ахмад настан 130-аад сая төгрөгийн эргэн төлөгдөхгүй нөхцлөөр хөрөнгийн дэмжлэг авсан байна.
МАхХ-ноос ХХҮЕГ-аас зарласан “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ үзүүлэх төрийн бус байгууллага сонгон шалгаруулах” тендэрт оролцсон боловч уг тендерт оролцох ТББ-уудын тоо хүрээгүй гэдэг шалтгаанаар уг төсөл хэрэгжээгүй байна. Цаашид Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас ахмадын төлөө үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-ыг өргөн оролцох боломжоор хангахад анхаарах шаардлагатай байна.
Монголын ахмадын холбоо нь “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагаас зарласан “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь буюу МASAM 2” төслийн сонгон шалгаруулалтанд оролцож уг төслийн хэрэгжүүлэгчээр шалгараад байна.
Олон улсын Хэлп-Эйж ахмадын байгууллагаас Ахмад настны тулгамдсан асуудлыг олон улсын түвшинд хэрхэн шийдвэрлэх арга замын талаар зохион байгуулсан 4 удаагийн цахим хуралд оролцож, Насжилтын асуудлаархи Ази, Номхон далайн баруун бүсийн хорооны төлөвлөгөөний дагуу Азийн нэг оронд туршлага солилцох уулзалт хийх санал дэвшүүлсэн болно.
ЭМЯ, ДЭМБ, Геронтологийн үндэсний төвтэй хамтран “Ахмад настны хуулийг хэрэгжүүлэх”, “Настны эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээнд салбар дундын оролцоог хангах” “Эрүүл насжилтын 2022-2030 оны төлөвлөгөө, урт хугацааны тусламж үйлчилгээний загвар боловсруулах” зэрэг асуудлаар үндэсний зөвлөгөөнийг 21 аймгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн дарга нар, ахмадын асуудал хариуцсан мэргэжилтэн, гериатр эмч зэрэг 120 хүнийг хамруулан зохион байгуулж зөвлөмж гарган хамтран ажиллаж байна.
Хүний эрхийн үндэсний комиссоос зохион байгуулж байгаа танхимын болон цахим уулзалтанд 3 удаа оролцож Улсын их хуралд Хүний эрхийн төлөв байдал, ахмад настны эрхийг хамгаалах чиглэлээр боловсруулж байгаа илтгэлд ахмад настны өмнө тулгамдсан асуудлыг тусгуулах талаар тодорхой санал мэдээлэл өгсөн болно.
Монголын ахмадын холбоо, Нийслэлийн ахмадын хороо, Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран Олон улсын ахмадын өдөрт зориулсан баярын хурал, хүндэтгэлийн концертыг Соёлын төв өргөөнд зохион байгуулж уг арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, хүндэтгэл үзүүлж Ахмадуудын өмнө тулгамдсан асуудлын талаар байр сууриа илэрхийлэв. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоотой хамтран Ахмадын өдөрт зориулсан “Нээлттэй өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж тус өдөрлөгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа агентлагууд, нийслэл, дүүргийн ахмадын хороод, аж ахуй нэгж байгууллагын ахмадын хороо, зөвлөл, Геронтологийн үндэсний төв зэрэг 20 гаруй байгууллагууд оролцож ахмад настнуудад төрөл бүрийн үйлчилгээ үзүүллээ.
Орон нутгийн болон төр засаг, аж ахуйн нэгж байгууллагууд “Ахмад настны тухай” хуулийг хэрэгжүүлэн “Цагаан сар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн”-ийг тохиолдуулан 380 шахам мянган ахмад настанд хүндэтгэл үзүүлж, бэлэг дурсгалын зүйл олгосон байна.
Монголын ахмадын холбоо, Сэлэнгэ аймгийн ахмадын хороотой хамтран тус аймгийн Жавхлант суманд “Ахмадын байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт сургалт семинар зохион байгуулж, уг арга хэмжээнд Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул аймаг, нийслэлийн Багануур, Чингэлтэй дүүргийн ахмадын хорооны дарга, идэвхтэн сонгуультнууд оролцож, ахмадын байгууллагын өмнө тулгамдаж байгаа асуудлаар санал солилцож, уриалга гаргаж, харилцан туршлага солилцож, хамтран ажиллах гэрээ байгуулсан нь үр дүнтэй арга хэмжээ болсон байна.
Монголын ахмадын холбооны удирдах зөвлөлийн гишүүдтэй хамтран Нийслэлийн ахмадын хорооны ажилтнууд нийслэлийн 6 дүүргийн ахмадын хороо болон 10 гаруй хорооны ахмадын зөвлөлийн ажилтай батлагдсан удирдамжийн дагуу танилцаж, заавар зөвлөмж өгч, Дүүргүүдийн ахмадын зөвлөлүүдийг дүрэмтэй, зохих хуралтай болгох, бүртгэлтэй ахмадууддаа хүрч үйлчилж, тэдний санаа бодлыг сонсох, төрөл бүрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх, ахмадуудын амьдралын чадавх, амьжиргааны түвшинг дээшлүүлэх зэрэг тодорхой асуудлаар мэргэжлийн байгууллагаар судалгаа хийлгэх арга хэмжээ авч, тэдний туршлагыг нийт ахмадын байгууллагад түгээх нь чухал гэж үзсэн байна.
Баянзүрх дүүргийн ахмадын хорооноос санаачлан зохион байгуулж байгаа “Ахмадын байгууллагын мэдээ, мэдээллийг цахимжуулах” төслийн явцтай 5 удаа танилцан, 200 гаруй ахмадуудыг хамруулж, уг төслийг хэрхэн санхүүжүүлэх талаар МАхХ-ны Удирдах зөвлөлийн хурлын тогтоол гарган орон нутгийн ахмадын байгууллагуудад хүргүүлж уг мэдээллийн сангийн программ хангамжийг 2023 оноос эхлэн ашиглах бэлтгэл ажлыг хангаж байна.
Бүх аймаг, нийслэл, сум, дүүргийн ахмадын байгууллагууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Нэг тэрбум мод тарих” хөдөлгөөнд нэгдсэн бөгөөд өөр өөрийн аймаг, сум, дүүргийн цэцэрлэгт хүрээлэнд мод тарих, төгөл байгуулах, ахмад настан хашаандаа мод, бут сөөг, жимсний мод тариалах, тарьсан ногоон байгууламж, модыг арчлан хамгаалах талаар идэвхтэй ажиллаж байна. Хөвсгөл, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Говьсүмбэр, Ховд, Архангай гээд олон аймгийн ахмадын байгууллагуудын тарьсан мод, ногоон байгууламж сайн ургалттай байна.
Монголын ахмадын холбоо үйл ажиллагаагаа Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран ажиллах 1 жилийн хугацаатай гэрээгээ үргэлжлүүлэн “Монголын ахмадын холбооноос мэдээлж байна” нэвтрүүлгийг сард 48 удаа, тухайн нэвтрүүлгийг давталттайгаар явуулж МҮОНР-гийн “Хурд” агентлагийн Өглөөний мэдээгээр 12 удаа тойм мэдээгээр сурталчлан нийт ахмадууддаа хандан МАхХ-ны ерөнхийлөгч болон Их хурал, засгийн газраас сар шинийн болон ахмадын өдрийн мэндчилгээг МҮОНТВ, ТВ-9, Ийгл, С-1, “Соён гэгээрүүлэгч”, MонголTV телевизүүд, МАхХ-ны maep.mn, мongolian channel.com, sonin.mn, unen.mn зэрэг олон хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр өргөн хүрээтэй сурталчилсан болно.
МАхХ-ны төв хэвлэл “Ахмад үе” сонины дөрвөн дугаар гаргаж анхан шатны ахмадын байгууллагын ажлын арга туршлага болон бусад мэдээ, мэдээллийн талаар өргөн сурталчилж олны хүртээл болгосон байна.
Монголын ахмадын холбооны төв, орон нутгийн байгууллагаас 2023 онд тавих гол зорилтын талаар
1. Ахмадуудын амьдралын чанар өдөр ирэх тутам дордож үнэ инфляцийн хэт өсөлтөнд нэрвэгдсээр байна. Иймд ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгах, үнэ, инфляцийн өсөлттэй уялдуулан төрөөс нөхөн олговор олгох асуудлыг төр засагт тавих
2. Ахмад настны тухай хууль тогтоомжинд цаг үеийн шаардлага, ахмадуудын санал, гомдлыг үндэслэн нэмэлт өөрчлөлт оруулах, хуулийн болон ахмад настны талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн төсөл боловсруулж холбогдох газарт оруулах
3. Ахмад настны үндэсний чуулганыг 2023 оны З дугаар сарын сүүлийн хагаст хуралдуулах саналыг дахин тавьж, үүнтэй холбогдсон шийдвэрүүдийн төслийг боловсруулж ХНХ Яам, ЕТГ-т хүргүүлэх, МАхХ-ны ээлжит их хурлыг 2023 оны 1-р улиралд багтаан хуралдуулж ойрын 5 жилийн зорилтоо тодорхойлох
4. Ази, Номхон далайн баруун бүсийн хорооноос гаргасан эрүүл насжилтын 2021-2030 оны 10 жилийн стратегийн баримт бичиг, төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын төр, засгаас хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж холбогдох байгууллагатай хамтран ажиллах
5. Ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ялангуяа ажил мэргэжлийн өндөр чадамжтай, ахмад зөвлөх мэргэжилтнүүдийг дахин судалж тэдний ажлын туршлагыг залуу үед өвлүүлэн эзэмшүүлэх, энэ чиглэлээр хөдөлмөрийн бирж ажиллуулах төсөл, арга хэмжээнүүд хэрэгжүүлэхийг эн тэргүүний зорилт гэж үзэж байна.
6. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Нийгмийн халамжийн сан, орон нутгийн хөгжлийн сангаас ахмад настанд зориулсан хөдөлмөр эрхлэлтийн зээл, өдрийн үйлчилгээний төсөл, орон нутгийг хөгжүүлэх ара хэмжээнд аймаг, дүүрэг, сум бүр идэвхтэй оролцож ахмадуудынхаа идэвх санаачилгыг өрнүүлж, санхүүгийн дэмжлэг авч тэдний орлого, амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн бодитой арга хэмжээ хэрэгжүүлж ажиллах
7. Залуу үеийн хүмүүжил, ёс суртахуун доройтож, боловсрол, сургалтын арга барил сөрөг үр дагавартай болсон өнөө үед ахмадуудын үлгэр дууриалал, үнэ зүйлсийг залуу үед өвлүүлэн эзэмшүүлэх талаар төр захиргаа, боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран олон төрлийн шинэлэг ажлыг ахмадууд манлайлан хийхийг цаг үе Та нөхдөөс шаардаж байгааг онцлон анхаарах
8. Монгол төрийн бодлого, үйл ажиллагаа цахим тогтолцоонд шилжиж байгаа өнөө үед ахмадын байгууллагуудын чадамжийг сайжруулж, мэдээлэл, бүртгэлийн цахим орчинд шилжүүлэх, боловсон хүчнийг чадваржуулах, компьютер техник хэрэгслээр хангах зайлшгүй шаардлага урган гарч байна.
9. 2022, 2023 онд хэмнэлтийн тухай хууль үйлчилж, төсөв зардлыг бууруулж байгаа хэдий ч дотоод нөөц боломжоо дайчлан, ахмадуудынхаа дэмжлэгийг авч урьд хүрсэн түвшингээсээ бууруулахгүйгээр үйл ажиллагаагаа идэвхжүүлж ажиллахыг чиглэл болгож байна. Ахмадын төв байгууллагын оролцоогүйгээр Зүүн /Сүхбаатар аймаг/, Баруун /Ховд, Говь-Алтай аймаг/, Төв ба Говийн /Дундговь аймаг/, Хангайн болон Хойд /Дархан-Уул аймаг/ гэх мэт бүсийн зөвлөгөөнийг хийж ойрын 5 жилд зорилт, хийх ажлаа тодорхойлохыг санал болгож байна.
Энэхүү арга хэмжээг нэр дурдсан Аймгийн ахмадын хорооны дарга нар удирдан зохион байгуулах нь зүйтэй байна.
10. Монголын мастеруудын биеийн тамирын спортын хороотой 2023 онд хамтран ажиллах гэрээ, төлөвлөгөөтэй ажиллаж, энэ ажлын хүрээнд ахмадуудыг нийтийн биеийн тамирт хамруулах, чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлж, спорт, соёл урлагийн олон төрлийн ажлыг хамтран хэрэгжүүлэх нь зүйтэй.
11. Ихэнх аймаг, дүүрэг ахмадын хорооны бага хурлаа хийж шинэ удирдлагаа сонгон ажиллаж байгаа. Нийслэл, үлдсэн аймаг, дүүрэг 2023 оны 1-р улиралд багтаан хурлаа хийх хэрэгтэй. Энэ нөхцөлд салбар нэгжүүд 2023-2027 онд хийж гүйцэтгэх ажлын чиглэлээ тэргүүлэгчдээрээ батлуулж жил, жилийн төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй.
Харин Монголын төр, засгаас болон Ахмадын төв байгууллагаас хийвэл зохих бодлого, үйл ажиллагааны талаар энэ цахим зөвлөгөөн дээр санал бодлоо илэрхийлэх, мөн Ахмадын хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналаа 3 дугаар сарын 01-ний дотор МАхХ-нд ирүүлбэл зохино.