Японы Засгийн газар ОХУ-д авсан шинэ хориг арга хэмжээнийхээ хүрээнд тус улс руу цацраг идэвхт материал, вакцин, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, робот экспортлохыг хориглож байна. Энэ тухай тус улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам өнөөдөр мэдээлжээ.
Экспортын хоригийн жагсаалтад эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүн, цөмийн байгууламжийн болон газрын тос, байгалийн хийн хайгуулын тоног төхөөрөмж, нулимс асгаруулагч хий, хурууны хээний нунтаг зэрэг төрөл бүрийн химийн бодис багтсан байна. Үүнээс гадна, тэсрэх бодис илрүүлэх төхөөрөмж, зөөврийн генератор, лазер гагнуурын аппарат оржээ. Нийтдээ шинэ жагсаалтад 80 гаруй төрлийн бараа багтсан байна. Энэхүү арга хэмжээ хоёрдугаар сарын 3-наас хэрэгжиж эхэлнэ.
Украин руу халдан довтолсонтой нь холбогдуулан хэд хэдэн үе шаттайгаар авсан Японы хориг арга хэмжээнд ОХУ-ын 900 гаруй хувь хүн, 50 гаруй байгууллага өртөөд байгаа юм. Япон улс мөн Оросын “Открытие”, “Новикомбанк”, “Совкомбанк”, “ВТБ”, “Банк Россия”, “Промсвязьбанк”, “ВЭБ.РФ”, “Сбербанк”, “Альфа-банк” болон бусад 40 орчим байгууллага, компанийн хөрөнгийг битүүмжилжээ гэж МОНЦАМЭ мэдээллээ.