Өнөөдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд, тус намын гишүүд, дэмжигчид хотын даргыг гурав хоногийн дотор огцрохыг шаардлаа. Тэдний шаардлагын цөм нь “Нийслэлд орж буй борооны улмаас үерийн эрсдэл үүсч, олон иргэн, аж ахуй нэгж хохирсон. Үүнд Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар хариуцлага хүлээж огцрох ёстой” гэдэгт байгаа юм.
Мэдээж үерийн улмаас хохирсон айл өрх, албан байгууллагуудыг бодохоор тус намын шаардлагыг ор тас буруутгах нь хаашаа юм. Нөгөө талаас “Аадар бороо орсонд хотын дарга буруутай” гэх нь холгүй ярьцгааж байгаа нь өрөөсгөл санагдана. Үерт өртсөн хэд хэдэн шалтгаан байна.
Нэгдүгээрт, үерийн аман дээр зөвшөөрөлгүй буусан айл бий. Хоёрдугаарт, үер буух эрсдэлтэй орчинд газрын зөвшөөрөл олгосон эрх мэдэлтнүүд ч буруутай. Тэр хүмүүсийг тогтоож хариуцлага тооцох ёстой гэдэг дээр мань хотын дарга бат зогсож байгаа. Ер нь газрын асуудал ганцхан өнөөгийн эрх баригчдад бус хотын үе үеийн дарга, удирдлагууд, холбогдох албаныханд хамаатай нь ойлгомжтой шүү дээ. Тэгээд ч ид шидтэй л биш бол ямар ч сайн хотын дарга байгалийн гамшигийн өмнө хүчин мөхсдөх болов уу. Хятад, Өмнөд Солонгос улс ч байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө асар их хохирол амслаа.
Гэхдээ үерийн далан барих, голын ай сав, үерийн аман дээр буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх, дахиж эрсдэлтэй газарт хүн амьдрах орчин бий болгохгүй байх зэрэг олон арга хэмжээг яаралтай авах шаардлага байгаа нь тодорхой. Бүр цаашилбал, хөдөө орон нутгаас нийслэл рүү хөврөх нүүдлийг зогсоох чиглэлээр Засгийн газар шийдвэртэй бодит ажил зохиох шаардлагатай.
Д.Сумьяабазарын хувьд хотын дарга болсон цагаасаа хойш чөлөөт эдийн засгийг нийслэлд дэмжих, хувийн хэвшлийн хүрээг тэлэх, нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх зэрэг олон либерал бодлого хэрэгжүүлж байгааг үерийн аюултай хамт мартмааргүй байна. Нийслэлийн ажлыг сайжруулах асуудал мэдээж ганц хотын даргаас хамаарахгүй. Нийслэлийн бусад эрх мэдэлтнүүд, шат шатны төрийн захиргааны ажилтнууд, бас нийслэлчүүдийн оролцоотой холбоотой шүү дээ.
Д.Лхагвадорж
1 сэтгэгдэл
бодох л асуудал