Сүүлийн дөрвөн өдрийн турш түймэрт нэрвэгдээд буй Грекийн хойд нутгийн ойгоос 18 хүний цогцос олдсон тухай тус улсын Гал түймэртэй тэмцэх алба мэдэгдлээ.
Амиа алдсан хүмүүс цагаачид байсан байж магадгүй гэж хэвлэлүүд мэдээлж байна. “Дадиа” ойн ойролцоох хэргийн газар руу шинжээч, мөрдөн байцаалтын багийг илгээжээ.
Туркийн хилээс холгүй орших Грекийн зүүн хойд нутгийн Еврос муж түймэрт өртөөд байгаа юм. Улмаар Александруполис хотын нэгэн эмнэлгийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ. Боомт дээр гатлага онгоцонд суусан хүмүүсийн дунд нярай хүүхдүүд болон эрчимт эмчилгээний тасгийн өвчтөнүүд байжээ.
Грекийн хэд хэдэн бүс нутагт түймэр ассаар байгаа бөгөөд хүчтэй салхилж, мягмар гарагт хэд хэдэн газарт агаарын температур 40 хэмээс давж халснаар улам газар авсан байна. Александруполисын хойд хэсэгт орших “Дадиа” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд даваа гаргаас эхлэн түймэр хурдацтай тархжээ. Онцгой байдлын албанаас ойр орчмын газар орноос гарч явахыг анхааруулсан зурвасыг иргэдийн гар утас руу илгээсэн байна.
Хэвлэлүүдийн мэдээлснээр, мягмар гарагт Авантас тосгоноос холгүй байрлах нэгэн сууцны ойролцоогоос 18 хүний цогцос олдсон бөгөөд гал сөнөөгчид шатсан барилгыг самнан шалгах үеэр тэдгээрийг олжээ. Нутгийн оршин суугчид сураггүй болсон гэх мэдээлэл ирээгүй тул амиа алдсан хүмүүс Грек рүү хууль бусаар нэвтэрсэн байж болзошгүй гэж үзэж байна хэмээн Гал түймэртэй тэмцэх албаны төлөөлөгч Йианнис Артопиос ярилаа гэж ВВС мэдээлснийг МОНЦАМЭ уламжиллаа.