Өмнөд Солонгос дахь цэргийн объектуудад цөмийн цохилт өгөх ажиллагааг загварчлах сургуулилалтын хүрээнд ойрын зайн тусгалт хоёр баллистик харвалаа гэж Умард Солонгосын тал мэдэгджээ.
Тус улсын төрийн мэдлийн хэвлэлд мэдээлснээр, АНУ бүс нутагт стратегийн бөмбөгдөгч онгоцуудаа байрлуулж байгаагийн хариуд анхааруулга болгон уг туршилтыг хийсэн байна.
Өмнөд Солонгосын талын мэдээлснээр, хоёр пуужин далайд унасан байна. Өмнөд Солонгос, АНУ хоёр жил тутмын хамтарсан цэргийн сургуулилалт явуулж байгаа энэ үед пуужингуудыг харважээ. Пёньяны зүгээс уг сургуулилалтыг “дайнд бэлтгэж буй явдал” хэмээн буруушаасаар иржээ.
Умард Солонгосын армийн мэдэгдсэнээр, пуужингуудыг лхагва гаргийн орой “Өмнөд Солонгос дахь томоохон командлалын төвүүд болон нисэх онгоцны буудлуудад тактикийн цөмийн цохилт өгөх загварчилсан сургуулилалт”-ын хүрээнд харвасан бөгөөд энэ нь дайснуудад тодорхой анхааруулга өгөх зорилготой байжээ.
Өмнөд Солонгос, АНУ-ын зэвсэгт хүчнүүдийн 11 хоног үргэлжлэх хамтарсан сургуулилалт дуусахаас нэг хоногийн өмнө пуужингуудыг харвасан байна. Уг сургуулилалтын үеэр АНУ-ын “B-1B” стратегийн бөмбөгдөгч онгоц Солонгосын хойгийн дээгүүр ниссэн тухай Өмнөд Солонгосын хэвлэлд мэдээлжээ.
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун мягмар гарагт Өмнөдтэй хийх дайнд бэлтгэх сургуулилалтыг ажиглажээ. Сургуулилалтын үеэр гэнэтийн дайралтыг няцаах, Солонгосын хойгийн өмнөд хэсгийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь эзлэн авах сөрөг довтолгоог эхлүүлэх сургуулилалт хийсэн тухай Умардын хэвлэлүүдэд бичсэн байна гэж BBC мэдээлснийг МОНЦАМЭ уламжлав.