Энэтхэг улс 2036 оны Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөнө гэж тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгджээ.
Мумбайд болсон Олон улсын Олимпын хорооны /ОУОХ/ чуулганы нээлтийн үеэр Н.Моди хэлсэн үгэндээ, спортын энэхүү арга хэмжээг зохион байгуулах нь Энэтхэгийн хувьд “эртний мөрөөдөл” байсаар ирсэн хэмээв.
“Энэтхэгчүүд спортод дуртай бөгөөд түүний төлөө амьдардаг хүмүүс. Манай улс 2036 оны Олимпыг амжилттай зохион байгуулахын тулд бүх хүчээ дайчилна. Энэ бол 1.4 тэрбум энэтхэгчүүдийн мөрөөдөл. Бид та бүхний дэмжлэгээр энэ мөрөөдлөө биелүүлэхийг хүсч байна. Энэтхэг улс ОУОХ-ны дэмжлэгийг авна гэдэгт итгэлтэй байна” гэж Н.Моди онцлон тэмдэглэжээ.
Тэрбээр наадмыг зохион байгуулах боломжтой хотууд ба бүс нутгийн талаар тодорхой дурдаагүй боловч Энэтхэгийн Ерөнхий сайдын нэрэмжит, 132 мянган хүний багтаамжтай дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэн бүхий Ахмедабад хот Олимпын наадмын гол талбар болох магадлал өндөр байна.
Өмнө нь Индонез, Мексик улсууд 2036 оны Олимпыг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийлсэн бол өнгөрсөн сард Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда уг наадмыг зохион байгуулахыг эрмэлзэж байгаагаа ОУОХ-нд мэдэгджээ.
ОУОХ-ноос 2036 оны Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах эрхийг хэзээ олгох талаар тодорхой тов гаргаагүй байгаа юм. Зуны Олимпын тоглолтууд 2024 онд Парист, 2028 онд Лос-Анжелест, 2032 онд Брисбенд болно.
Ташрамд дурдахад, Энэтхэг улс 2029 оны залуучуудын Олимпыг зохион байгуулах хүсэлтээ гаргаж магадгүй гэдгийг Н.Моди ОУОХ-нд мэдэгджээ гэж Үндэсний мэдээллийн агентлаг МОНЦАМЭ мэдээллээ.