Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс “Сэлбэ сэргэлт”, “1008 айлын орон сууцны хотхон” төслийн нэгжийн албан тушаалтнуудтай уулзав.
Уулзалтад “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн ерөнхий инженер Б.Эрдэнэсүрэн, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын “Сэлбэ сэргэлт” төслийн нэгжийн дарга Б.Ганболд нар төслийн явцын талаар танилцууллаа. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд “Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцад ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх олон улсын туршлага”, “Авлигын гэмт хэрэг: Хуульд орсон нэмэлт, өөрчлөлт” зэрэг сэдвээр мэдээлэл өглөө.
Уг уулзалт-сургалтад дээрх нэр бүхий төслийн 20 гаруй албан тушаалтан оролцож, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцад гарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, цаашид мэдээлэл арга зүйгээр ханган хамтран ажиллахаар болов.
Авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлж, түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй “Сэлбэ сэргэлт” төслийн тендер сонгон шалгаруулалт, гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах, БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Ногоон нуур орчимд барьж байгаа “1008 айлын орон сууцны хотхон” төслийн явц, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, гүйцэтгэгч байгууллагын удирдах хүмүүстэй уулзахаар тогтлоо.