ОХУ-тай залгаа Финландын хилийн хяналтыг чангатгахын тулд офицеруудаа нэмж илгээнэ гэж Европын хил, эргийн хамгаалалтын агентлаг /Frontex/ пүрэв гарагт мэдэгджээ.
Сүүлийн хоёр долоо хоногт Йемен, Афганистан, Кени, Марокко, Пакистан, Сомали, Сири зэрэг орны 700 орчим цагаачийг хил рүү илгээсэн гэж Финландын эрх баригчид Оросыг буруутгажээ. Харин Кремль няцаасан байна.
Лхагва гарагт Финландын Засгийн газар ОХУ-тай хиллэдэг 1340 км (830 миль) урт хилийн хамгийн хойд хэсгийн шалган нэвтрүүлэх цэгээс бусад бүх боомтыг баасан гаргаас хаахаар шийдвэрлэжээ.
Финланд руу хилийн 50 офицер болон бусад ажилтныг, мөн эргүүлийн машин зэрэг техник хэрэгслийг илгээж, хяналтыг чангатгана гэж Frontex-ийн мэдэгдэлд дурджээ. Нэмэлт хүчийг ирэх долоо хоногт байрлуулах төлөвтэй байна. Хилчдээс гадна, баримт бичигтэй ажиллах шинжээчид, мөн цагаачдад туслах орчуулагчдыг илгээхээр төлөвлөжээ. Одоогоор Финландын хил дээр Frontex-ийн 10 ажилтан ажиллаж байна.