Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс жил бүр шинэчлэн баталдаг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа /хөтөлбөр, санхүүжилт/-г 2024 онд хэрэгжүүлэх асуудлыг анхан шатны нэгж дээр ажиллаж байгаа албан хаагчдын саналыг тусгах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
ХНХЯ, ХХҮЕГ, ХБХХҮГ, аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хэлтсийн дарга, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, тасгийн дарга нар, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон уг хэлэлцүүлэг хоёр үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд оролцогсдыг аймаг, нийслэл, дүүргээр нь цахим хэлбэрээр бүсчлэн зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн бэлтгээд нэгдсэн хэлэлцүүлэгт танилцууллаа.
Нэгдсэн хэлэлцүүлгийг 2023 оны 11 дүгээр сарын 30-12 дугаар сарын 1-ний танхимаар аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дарга, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, тасгийн дарга нарт зориулан зохион байгуулсан юм. 11 дүгээр сарын 30-ны өдрийн хэлэлцүүлэгт ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбий “Хөдөлмөр эрхэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх бодлого”, Хяналт шалгалт, дотоод аудит, мониторингийн газрын дарга М.Мянганбуу “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаанд нйисэн хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлүүд, анхаарах асуудлууд” сэдвээр мэдээлэл хийж оролцогсдын асуултад хариулж, ярилцлаа.
12 дугаар сарын 1-ний өдрийн хэлэлцүүлэгт ХХҮЕГ-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Батмагнай “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагааны тайланг танилцуулсан бол ХБХХҮГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Нямсүрэн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлт”, ШЕЗ-ийн эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Энх-Эрдэнэ “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ойлголт, аргазүй” сэдвээр илтгэл тавьж асуултад хариулж, харилцан ярилцлаа. Мөн МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Б.Рагчаа, МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар нар мэдээлэл хийсэн юм.
Д.Дорж