2024 оноос ахмадын тэтгэврийг эргээд таван жилээр тогтоодог болж буй. Ингэснээр тэтгэвэрт гарч буй ахмадууд төдийгүй өнгөрсөн жилүүдэд зургаагаас долоон жилээр тэтгэврээ тогтоолгосон ахмадуудад ч таван жилээр шинэчлэн тогтоолгох боломж үүсч байгаа юм. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргалтай ярилцлаа.
-Ажилласан 6-7 жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тогтоолгосон ахмадууд эргээд таван жилийн дунджаар тооцуулах боломжтой болж байгаа юм байна. Энийг ямар хуулийн хүрээнд хэрэгжүүлж байгаа вэ?
-Монгол улс 2018 онд Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд тэтгэвэр тогтоолгоход тооцдог ажилласан жилийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээг 2019 оноос хойш хэрэгжүүлсэн. Ингээд тэтгэврийг 2019 онд зургаан жилийн цалингийн дунджаар, 2020 оноос хойш долоон жилийн цалингийн дунджаар тооцож ирлээ.
Харин энэ оны долдугаар сард батлагдсан Нийгмийн даатгалын багц хуулиар энэ зургаа, долоон жилээр тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийг эргээд таван жилээр тооцон тогтоох зохицуулалтыг тусгасан.
Энэ хуулийн зохицуулалтын хэрэгжилтийн хүрээнд манай яам болон нийгмийн даатгалын байгууллага иргэдийн хүсэлтийг авч эхлээд байна. Энэ ямар учиртай вэ гэхээр 2018 оныг дуусах хүртэл иргэд ажилласан таван жилийн цалингийн дунджаараа тэтгэврээ тогтоолгодог байсан. Тэгэхээр 2018 оныг хүртэл тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийн хэмжээнд ямар нэг өөрчлөлт орохгүй. Харин 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тэтгэврээ тогтоолгосон хүмүүс ажилласан зургаа, долоон жилээ таван жил болгох шаардлага үүсч байгаа. Ингэж тэтгэврээ шинэчлэн тогтоолгох хүсэлтээ хоёр хэлбэрээр өгч болно. Нэгдүгээрт, ndaatgal.mn сайтаар цахимаар өгч болно. Хоёрдугаарт, харьяа дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэс дээр очоод цаасаар өгөх боломжтой байгаа.
-Долоон жилээр тооцуулсан ахмадууд таван жил болгож тооцуулахад зөрүү нь ойролцоогоор хэр байх вэ?
-Хүсэлтээ өгөөд тэтгэврээ ахин тогтоолгох 50 мянга гаруй ахмад байгаа. Хүн хүний ажилласан жил өөр учраас тэд гээд тодорхой хэлэх боломжгүй л дээ. Зарим хүмүүсийн тэтгэвэр нэмэгдэхгүй ч байх магадлалтай. Хүн болгоны тэтгэвэр нэмэгдэнэ гэсэн үг биш юм. Зарим хүмүүсийн тэтгэвэр буурч бас болно. Гэхдээ буурсан тохиолдолд одоо авч байгаагаар нь л тогтоох зохицуулалттай.
-55 мянга гаруй ахмад настан байгаа гэж та хэллээ. Эндээс хэд нь долоон жилийн дунджаар тэтгэврээ тогтоолгосон бэ?
-2019 оны нэгдүгээр сарын нэгнээс тухайн оныг дуустал зургаан жилээр тогтоосон. Ойролцоогоор 18-20 мянга орчим ахмад тус онд тогтоолгосон байгаа. Түүнээс хойших жилүүдэд дандаа долоон жилээр тогтоож ирсэн.
-Ирэх оноос тэтгэвэртээ гарвал таван жилийн цалингийн дунджаар тогтоох юм байна. Тэр хүмүүст ямар давуу тал бий болох вэ. Тэрийг хүлээгээд тэтгэвэртээ гарахгүй байгаа ахмадууд ч бас байгаа байх?
-Долоон жилийн дунджаар тогтоолгох, таван жилийн дунджаар тогтоолгоход их ялгаа байгаа байх. Зарим хүмүүсийн хувьд тасралтгүй долоон жилийн дундаж цалингийн дүн гэдэг бол хүнд нөхцөл. Харин таван жилийн хугацаа бол цалингийн дунджийг нэмэгдүүлэхэд харьцангуй боломжийн учраас хүмүүст арай таатай байгаа байх. Гэхдээ энэ онд долоон жилээр тогтоолгон тэтгэвэрт гарах хүмүүст санаа зовох зүйл байхгүй. Арванхоёрдугаар сарын сүүлээр зайлшгүй тэтгэвэрт гарах шаардлагатай хүн байж болно. Тийм хүмүүс он гараад өргөдлөө өгөхөд нээлттэй. Яагаад гэвэл хуулиар хүсэлт, өргөдөл хүлээж авах хугацаа заагаагүй. Гэхдээ нийгмийн даатгалын байгууллага нэгэнт ийм хууль батлагдаад хэрэгжих нь тодорхой болсон тул заавал иргэдээ хүлээлгэж, чирэгдүүлэхгүйгээр шуурхай ажиллая гэсэн бодлогын хүрээнд ажиллаж байгаа.
-Ирэх оны дөрөвдүгээр сараас тэтгэвэр нэмэгдэх гэж байна. Тэтгэврийн нэмэгдэл дунджаар хэдэн төгрөг байх бол?
-Тэтгэврийн нэмэгдэл бол нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуульд тусгагдаж, сая УИХ-аар төсөв нь батлагдсан. Эцсийн мэдээлэл хараахан ирээгүй байгаа. Цаг нь болохоор төсвийн хуваарь албан ёсоор албажиж ирнэ.
Урьдчилсан байдлаар мэдээлэл өгөхөд абсолют дүнгээр буюу хүн болгон дээр жигд 100,000 төгрөг нэмэх хувилбарыг сонгоод ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа.
-Нийгмийн даатгалын сангийн нөхцөл байдал ямар байна вэ. Жил жилийн төсөв батлагдахад алдагдалтай байдаг. Ялангуяа цар тахлын дараа маш их алдагдалтай байгаа гэж байсан?
-Нийгмийн даатгалын сан энэ оны батлагдсан төсвийн хүрээнд орлого, зарлагын төлөвлөгөөгөө хангаад ажиллаж байна. Тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол гээд дөрвөн сан байдаг. Ажилгүйдлийн сан бол яг балансаа бариад явж байгаа. Харин тэтгэврийн сан байнга улсын төсвөөс татаас авдаг. Энэ татаасны хамгийн гол зарцуулалт нь 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан 50 мянга орчим хүмүүстэй холбоотой. 1995 оноос өмнөх үе бол ямар ч шимтгэлгүй үе байсан учраас зардлыг нь төсвөөс даадаг. Дээр нь бас 20 мянга орчим тусгай хуулиар зохицуулагддаг цэргийн тэтгэвэр авдаг хүмүүс байгаа. Тэгэхээр төсвөөс авдаг татаасны гол зарцуулалт нь энэ хоёр бүлэг хүмүүс. Үйлдвэрлэлийн ослын даатгалын сан бол нэмэх баланстай явж байна. Ямар нэгэн алдагдалд ороогүй гэсэн үг. Тэтгэмжийн сан мөн адил балансаа бариад явж байгаа. Нийгмийн даатгалын дөрвөн сангийн үзүүлэлт одоогоор ийм байна.
-УИХ-д хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн асуудал яригдаж байна. Энэ хуулийн гол концепц, агуулга нь юу вэ?
-Хувийн тэтгэврийн сан байгуулах зорилт манай бүх бодлогын бичиг баримт дээр байгаа. Алсын хараа 2050, Тэтгэврийн шинэчлэлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөө гэх мэт төслүүдийн хүрээнд манай яам засгийн газарт таван хуулийн төслийг өргөн мэдүүлсний дөрвийг нь батлаад ирэх оноос хэрэгжүүлэх гэж байна.
Тэтгэврийн хууль, тэтгэмжийн хууль, ослын даатгалын тухай хууль, нийгмийн даатгалын ерөнхий хууль гэсэн дөрвөн хуулийг баталсан. Нэг хуулийг хараахан батлаагүй намрын чуулган руу шилжүүлсэн нь хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл байгаа.
Энэ хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр болж холбогдох байнгын хороод хэлэлцүүлгээ хийгээд, бэлтгэл ажлаа ханган, дэд ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн Эдийн засгийн байнгын хорооны хурлаар энэ хуулийн төслийг хэлэлцсэн. Уг хуулийн гол онцлог нь улсын тэтгэврийн сантай өрсөлдөхөөр тусгаагүй, Яагаад гэвэл засгийн газраас өргөн барьсан хууль бүрд хувийн тэтгэврийн даатгалын сан нь улсын тэтгэврийн даатгалын санд одоо төлж байгаа шимтгэлээс хуваалцахгүй. Нийгмийн даатгалд хамрагдсан хүмүүс нэмэлтээр буюу сайн дураараа хамрагдах үндсэн үзэл баримтлалтай бичигдсэн хууль байгаа. Хэрвээ энэ хууль батлагдвал зах зээл дээр хувийн тэтгэврийн сангууд ажиллаж эхэлнэ. Улсынхаа нийгмийн даатгалд хамрагдсан хүмүүс сайн дурын хэлбэрээр даатгуулаад тэтгэвэрт гарахдаа улсын сан, хувийн сангаас давхар тэтгэвэр авах боломж нь бүрдэх хуулийн төсөл байгаа юм.
-Энэ санд даатгуулбал хэдэн хувийн хураамж төлөх вэ?
-Хуулийн төсөл дээр хэдэн хувь төлөхийг нь заагаагүй. Олон улсын жишгээр энэ асуудал гэрээгээр зохицуулагддаг л даа. Тухайн ажилтантай хувийн тэтгэврийн сан гэрээ байгуулахдаа боломжит хувийг харилцан ярилцаж, тохиролцох байдлаар шийдэх юм.
Б.Нарангэрэл. news.mn