Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл хуралдлаа.
Засгийн газрын 2017 оны 116 дугаар тогтоолоор бүх яамны дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл байгуулахаар шийдвэрлэсний дагуу яамдын дэргэд зөвлөл ажиллаад 6 жил болж байна.
Дээрх тогтоолоор дэд зөвлөлийг тухайн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалдаг бөгөөд бүрэлдэхүүнд нь тус салбарын харъяа байгууллагуудын удирдлагууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллүүд багтдаг.
Хуралд ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний III улирлын хэрэгжилтийг Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир танилцууллаа.
Дэд зөвлөлийн хуралд Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, тус яамны бодлогын газрын дарга нар болон агентлаг, харьяа байгууллагуудын удирдлагууд, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү дэд зөвлөлүүдийн уялдаа холбоог сайжруулах, яамны бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан чиг үүргийн дагуу ажлын байрны тодорхойлолтод маш сайн тусгаж, салбарын үйл ажиллагааг эрчимжүүлж, ажилтан албан хаагчдыг чадавхжуулах, үр дүнд суурилж төрийн бус байгууллагуудад санхүүжилт олгох тал дээр онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.