ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар улиран одож буй онд болсон үйл явдлуудыг мягмар гарагт дүгнэлээ. Хоёр улсын зэвсэгт хүчнүүд ширүүн тулаан хийсний эцэст гацаанд орсныг тэд хүлээн зөвшөөрчээ.
В.Путин Москва хотноо батлан хамгаалах яамны удирдлагуудтай уулзаж, нөхцөл байдлыг дүгнэн хэлэлцсэн. Тэрбээр хэлэхдээ “Барууны орнууд Оросыг тогтоон барих гэсэн оролдлогоо зогсоохгүй, харин Орос улс Украинд явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа”-ны зорилгоос ухрахгүй” гэсэн байна. Оросын арми Украины сөрөг довтолгоог няцааж, санаачлагыг гартаа авч байна гэдгийг Оросын Ерөнхийлөгч онцоллоо.
Тэрбээр “бид шаардлагатай гэж үзсэн зүйлээ хийдэг” гэж хэлээд, Орос улс дэлхийн хамгийн том цөмийн зэвсгийн нөөцтэй бөгөөд ерөнхийдөө бүх нөөцийг шинэчилсэн гэж мэдэгдсэн байна. Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн хэлснээр, ойрын хугацаанд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тоог 1.5 саяд хүргэж нэмэгдүүлэх ажээ. Мөн ирэх онд гэрээт алба хаагчдын тоог 745 мянгад хүргэх төлөвтэй байна.
Харин В.Зеленский оны эцэст хийдэг хэвлэлийн хурлын үеэр В.Путиний мэдэгдлийг үгүйсгэжээ. Тэрбээр “Манай шар, хөх өнгийн туг Украинд байгаа, энэ бол бидний гол ялалт. Хамгийн гол нь бид үүнийг зүрх сэтгэлдээ төдийгүй ирээдүй хойч үедээ хадгалан үлдээх болно” гэж хэлсэн байна. Мөн хагас сая хүртэлх тооны хүнийг цэрэгт дайчлах хүсэлтийг армийн командлал гаргасан гэдгийг дурджээ. Тэрбээр үүнийг “маш ноцтой” тоо хэмээн тодорхойлоод, ийм шийдвэрийг дэмжихийн тулд илүү олон үндэслэл шалтгааныг сонсох хэрэгтэй гэлээ гэж МОНЦАМЭ мэдээллээ.