Тарвалин хийдийн ловон лам, гэвш Ч.Гантулгатай ярилцлаа.
-Цагаан сарын баяраар цээрлэх ёсны талаар ярилцлагаа эхлэе?
-Монголчууд эрт дээр үеэс цагаан сарыг тэмдэглэж ирсэн. Чингис хааны үед намар тэмдэглэдэг байсан гэж үздэг. Одоо бол Төгс буянтын зурхайгаар хаврын эхэн сарын шинийн нэгэнд тэмдэглэдэг. Цагаан сар бол эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн бидний үндэсний баярын нэг юм. Бурхан багшийн тэрсүүдэйн багш нарыг номхотгосон өдрийг шинийн нэгнээс шинийн 15 гэж судар номонд тэмдэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, энэ өдрүүдэд Бурхан багш тэрсүүдэйн багш нарыг рид хувилгаанаар дарсан өдөр юм. Бурхан багшийн рид хувилгаанаа үзүүлсэн шинийн 1-15-ны хооронд бурханы шашинтай буюу их, бага хөлгөний шашинтай улсууд болох Монгол, Хятад, Төвд, Энэтхэг, Япон, Солонгос зэрэг Азийн улсууд тэмдэглэдэг. Бурхан багшийн шинийн 1-15-ны их дүйцэн өдөр цагаан сарыг тэмдэглэдэг гэсэн үг шүү дээ. Монголчууд шинийн нэгэнд золголтоо хийж аав, ээж, ахас ихэстээ очиж хүндэтгэл үзүүлэн золгодогт цагаан сарын гол утга учир оршдог.
–Цагаан сарын өдөр ямар үйлийг цээрлэх ёстой вэ?
-Энэ өдөр элдэв хорлонт үйлийг цээрлэж буян ном үйлдэх ёстой. Тэгвэл буян ихээр хурж, арвиждаг. Ийм учир хүмүүс засал номоо шинийн 1-15-ны өдрүүдэд хийдэг. Бусад өдрүүдэд хийж болно л доо. Энэ өдрүүдэд хийвэл буян нь илүү их арвиждаг учиртай.
Цагаан сараар олон янзын цээрлэх зүйл бий. Уур омог, атаа хорсол зэрэг хүний дотор байдаг 84 муу сэтгэлээ тэвчиж цээрлэх ёстой. Гэхдээ энэ бол бурханы шашин гэхээсээ монголчуудын уламжлалт зан заншил юм. Цагаан сарын өдрүүдэд гэр орондоо хамаагүй чанга дуугаар ярих, орилох, хэрэлдэх, шүгэлдэх, нуруугаа үүрэх, ахмад хүнийг үл хүндэтгэх олон янзын цээрлэл бий. Аль болох сайн үйлийг хийж, амьтанд хорлолгүй байхыг тэвчих хэрэгтэй.
Архи бол идээний дээж гэж ярьдаг ч цагаан сар хэмээх буянт өдрүүдэд архийг хориглох хэрэгтэй. Ер нь бол архи муу, хортой, явуургүй зүйл. Архинд 9 зүйлийн гай шингэсэн байдаг тухай Шулмын хааны үлгэрт бий.
-Архины найрлаганд галзуу арслангийн тархи орсон тул архи уувал хууль цаазыг зөрчиж, анд нөхөд, ах дүүтэйгээ хэрэлдэн тэмцэлдсэнээр хагацаж сална. Гурван эрдэнийг үгүйсгэж, хилэнц нүглийг цээрлэхгүй үйлдсэнээр гурван муу заяанд төрнө.
-Галзуу догшин зааны амны хөөс орсон тул архийг “Идээний дээд” хэмээн эндүүрэн магтаж, архи үл уугчийг буруутган доромжилно. Бас архийг ахин дахин уухыг хүснэ.
-Хорт могойн хэл орсон учир бусдыг доромжилж хатуу үг хэлнэ.
-Галзуу зөгийн бал орсон тул архи уух тусам амт нь балын амтнаас ч илүү санагдаж архинд орно.
-Галзуу нохойн шүлс буй тул архи уувал бусадтай ширүүн тэмцэлдэж, бие эрхтнээ гэмтээн сүйтгэнэ.
-Шулмын есөн бүжигчний чөмөг архинд буй тул архи уусан хүний хөл гар нь халуу оргин хэвтэж, сууж чадахгүй болж морь унаа унавал гол мөрөн, хад хавцлаас ч болгоомжлохгүйн улмаас осолдож нүүр царайгаа шалбалж, хөл гараа хугална.
-Үхээр идэгч чонын нүдний цөцгийнөөс бүрдсэн тул архи уусан хүний нүд балраад тодорхой харж эс чадах
-Үхээрийн махнаас бүрдсэн тул архийг уусан хүний нүүр царайны өнгө гундаж үнсэн хөх өнгөтэй болох
-Эм мангасын цус архины найрлаганд орсон тул архийг олон удаа уувал хамт төрсөн тэнгэр нь зайлж түүний оронд шулмын хаан бат оршсоноор наян дөрвөн мянган муу сэтгэл нь гал мэт бадарснаар арван хар нүгэл тэргүүтнийг үйлдэж, муу заяанд төрөх болно гэх мэтчилэн Шулмын хааны үлгэрт архины гэмийг дурдсан байдаг. Тиймээс сар шинийн баяраар айраг, аарц гэх мэт цагаан идээгээ илүү хэрэглэх хэрэгтэй. Нэрмэл архийг ч гэсэн хамаагүй ууж болохгүй. Хэдийгээр сүүгээр нэрсэн ч гэлээ согтууруулах шидтэй учир хэтрүүлж үл болно.
-Хилэнт хэмээх луу жилийн ерөнхий өнгө ямар бууж байна вэ?
-Хилэнт гэдэг маань ёгт нэр. Өөрийнхөө судалсан хэмжээнд хариулая. Зурхайч бус зурхай судлаад явж байгаа хүнийхээ хувьд хэлэхэд энэ жил нялхаст сайн. Харин өвгөд болон өндөр суудалтанд дунд, залууст муу жил гарч байна. Улс орны эдийн засаг сайжирна. Гэвч эзэн түшмэдүүдийн хувьд бужигнаантай. Өндөр настан хууч өвчтэй хүмүүс анхаарах хэрэгтэй. Хаврын гурван сард, дөрвөн улирлын эхэнд салхи ихтэй байна. Зун, намрын улиралд хур ихээр бууна. Ард олны хувьд нийтийн буян их хийх хэрэгтэй дээ. Нийтийн зовлон их гарч байна. Олон янзын зовлон тухайлбал, салхи шуурга, гал, усны аюул, осол аваар их гарлаа. Энэ бол хүмүүсийн хийж буй үйлээс их шалтгаалж байгаа юм. Тэгэхээр нийтээрээ буян их хийх хэрэгтэй. Логдо буюу буруу үзэл их гарах боллоо. Бурхан багшийг замбуутивд залрахад таван цөвүүн цаг бадарсан байсан. Тэр нь жилээс жилд, зуунаас зуунд, мянганаас мянганд улам л бадраад байгаа юм. Цагийн цөвүүн, насны цөвүүн, амьтны цөвүүн, нисванис буюу муу сэтгэлийн цөвүүн нэмэгдэж байна. Үүнийхээ үйлийн үрээр олон янзын зовлон амсаж байна. Таван их ухаан, таван бага ухаан гэж бий. Таван бага ухаанд зурхай ордог. Махбодийн зурхайгаар жилийн өнгө тохиол гээд бүх зүйл гарна. Гэхдээ бидний үйлийн үрээс их зүйл дэлгэрч байна. Тийм учир нийтээрээ сайн үйлтэй байх хэрэгтэй юм. Нүгэл хилэнцээ тэвчих хэрэгтэй. Үйлийн үрээ нимгэлэхийн тухайд буян номыг сайтар хийх хэрэгтэй. Монголчууд маань уг нь цагаан цайлган, бусдад хар буруу санадаггүй, ачлал хүндлэлтэй хүмүүс шүү дээ. Хамгийн гол нь цагийн цөвүүнийг ухааны хүчээр давна гэдгээ л анхаарах ёстой. Хотжоод ч тэрүү, эсвэл мэдээллийн технологийн түрэмгийллийн нөлөөгөөр ч гэх үү язгуур араншингаа гээж байгаа нь харамсалтай.
–Луу жилтнүүд юуг анхаарах ёстой вэ?
-Энэ жил луу жил гарч байгаа тул дүнсэр буюу нохой жилтэй харш жил орж байна. Луу жилтнүүдэд ширүүн жил учир хийж буй үйлдлээ их анхаарах, эрүүл мэнддээ сайтар анзаарах, сэтгэлээ сайн шинжилж байх хэрэгтэй. 13-ны жил биемахбодь хямрана. 25-ны жил жаргал, зовлон ээлжилнэ. 37-ны жил гарлага гарах, хийморь доройтох, өвчин ээрэх, 49-ний жил хийморь доройтох, 69-ний жил шимнус буюу буг чөтгөрийн хорлолд өртдөг жил. Хонь, үхэр жилтнүүд бол шишид буюу бага харш жилтэй хүмүүс. Энэ жилтнүүд хэл аманд орооцолдох, бие хямрах нигууртай. Дүнсэр буюу ивээл жилтэй хүмүүс гэвэл хулгана, луу, бич жилтнүүд. Ивээл жил орж байгаа хүний хийморь доройтох нигууртай. Цагаан буюу логар жил нь могой. Могой, луу хоёр хоорондоо орооцолдоно. Өөр хоорондоо үл тохирно. Эдгээр жилтнүүд эрүүл мэнддээ анхаарах ёстой. Махбодийн зурхайгаар ямар засал хийх тухай тодорхой гарсан тул засал номоо сайтар хийлгэх хэрэгтэй. Ингээд монголчуудад маань арван хар нүглийг тэвчиж, арван цагаан буянд шимтээрэй гэж хүсье. Хотол олноороо сар шинэдээ сайхан шинэлээрэй.
-Баярлалаа. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Д.Лхагва