ЦССҮТ сар бүрийн хоёрдахь 7 хоногийн бямба гарагийг цусаа өгөх өдрөөр зарласан билээ. Өөрөөр хэлбэл, цусны хэрэгцээ шаардлагатай өвчтөнүүдэд туслах чин эрмэлзлэлтэй ч ажлын өдрүүдэд цаг зав нь гардаггүй доноруудад зориулсан өдөр гэсэн үг. Энэ хүрээнд ирэх бямба гарагт цус цуглуулах Баянзүрх салбар ажиллахаар болжээ. Учир нь ирэх 7 хоногийн баасан гарагт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа учир тухайн өдрийг энэ 7 хоног руу шилжүүлэх шийдвэр гарчээ. Энэ талаар ЦССҮТ-ийн Донор зохион байгуулалтын тасгийн их эмч, донор хариуцсан мэргэжилтэн Р.Энхтуяагаас тодрууллаа.
–Энэ 7 хоногийн бямба гарагт Баянзүрх цус цуглуулах төв ажиллахаар болжээ. Энэ талаар танаас тодруулая?
-Тиймээ. ЦССҮТ сар бүрийн 2 дахь 7 хоногийн бямба гарагийг цус цуглуулах өдөр болгосон. Цусаа өгөх хүсэл сонирхолтой хэрнээ ажлын өдрүүдэд зав нь болдоггүй доноруудад зориулсан өдөр гэж ойлгож болно. Ирэх 7 хоногийн баасан гарагт “Эмэгтэйчүүдийн баяр” тохиож байгаа учир ЦССҮТ-ийн захирлын шийдвэрийн дагуу энэ сарын 2-нд буюу бямба гарагт Баянзүрх цус цуглуулах төв ажиллахаар болоод байна. Эрхэм донорууд та бүхнийг урьж байна.
-Байгууллага, хамт олноороо цусаа өгөх хүмүүнлэгийн үйлсэд нэгддэг жишиг тогтоод удаж байна. Ер нь энэ хандлага өсч байгаа юу?
-Бид сард дунджаар 21-22 байгууллага дээр очиж цус цуглуулдаг. Жил ирэх бүр цусаа бэлэглэж, бусдын амь насыг аврах сонирхол байгууллага, хамт олны хүрээнд нэмэгдэж байгаа нь бахархалтай үйлс юм. Хамт олноороо цусаа бэлэглэхийг хүсвэл 9498-2857 дугаарт холбогдоорой. Бид та бүхэнтэй хамт.
–Баярлалаа. Та бүхний ажилд үйлсэд улам их амжилт хүсье.
Д.Лхагва