Монгол Улс сүүлийн хагас зуун жилд тохиолдоогүй хатуу ширүүн өвлийг даван туулж байгаа бөгөөд одоогоор 4.7 сая гаруй мал үхэж, олон мянган хүний амьжиргаа, хоол хүнсний хангамжид аюул заналхийлж, эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгааг Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгээс анхаарууллаа.
Зуд гэгддэг хүнд нөхцөл байдал нь агаарын температур огцом буурч, гүн цас мөс нь бэлчээрийн талбайг бүрхэж, малын хоол хүнсний хүртээмжийг хаадаг.
Монголд 300 мянга орчим хүн нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг бөгөөд үхэр, ямаа, адуу, тэмээ, хонь өсгөж амьдардаг. Малынхаа махыг зах зээлд борлуулж орлого олдог. IFRC-ийн Ази Номхон далайн бүсийн захирал Александр Матео пүрэв гарагт CNN агентлагт мэдээлэхдээ “Мал сүргээсээ бүрэн хамааралтай хүмүүс хэдхэн сарын дотор гачигдал дутагдалд орсон. Тэдний зарим нь одоо өөрийгөө тэжээх, гэр орноо халаах боломжгүй болсон” гэжээ.
Мөн “2023 оны арваннэгдүгээр сараас хойш 2250 гаруй малчин өрх малынхаа 70 гаруй хувийг хорогдуулсан. Одоо 7000 гаруй гэр бүл хангалттай хоол хүнсээр дутагдаж байна. Зуд нийт нутгийн дөрөвний гурвыг хамарсан ч өвөл үргэлжилж байгаа тул нөхцөл байдал улам дордох төлөвтэй байна. Одоо хавар болж байгаа ч Монголд өвөл сунжирч, газар цастай, мал үхсээр байна. Монголд энэ жил болон өмнөх жилүүдэд өндөр бэлтгэлтэй байсан ч нөхцөл байдлын эрс тэс байдлыг даван туулахад хангалтгүй байна” гэж Матео мэдээлэлдээ дурджээ.
Зудны улмаас малчид санхүүгийн хохирол ихээр амссан бөгөөд их хэмжээний цас орсны улмаас олон монголчуудын, ялангуяа хөдөө орон нутагт амьдарч буй иргэдийн аялал, худалдаа, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ тасалдсан байна гэж СNN агентлаг онцолжээ.