Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар танилцуулах арга хэмжээг үе шаттай зохион байгуулах ажлын хүрээнд Баян-Өлгий аймагт төрийн албан хаагчид болон ажил олгогч, иргэд олон нийтэд зориулсан сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар оролцож, салбарын бодлого арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн. Мөн ХНХЯ-ны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал “Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл” сэдвээр танилцуулга хийж, энэ оны 1 сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн багц хуулийн шинээр мөрдөгдөж буй зохицуулалт, шинээр батлагдсан дүрэм, журмын талаар холбогдох асуултад хариулт өглөө.
Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хуулийг хэрэгжүүлэх журам, заавар, дүрэм, аргачлал боловсруулж батлуулах ажлын хүрээнд 55 дүрэм, журмыг батлуулаад байна.
Баян-Өлгий аймагт зохион байгуулсан уг сургалт хэлэлцүүлэгт сумдын нийгмийн даатгалын мэргэжилтнүүд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын нягтлан бодогч нар, ажил олгогчид болон иргэдийн төлөөлөл болох 300 хүн оролцлоо.